1926 онд Засгийн газрын тогтоолоор Богд хааны ордон музейг байгуулснаар манай улсын музейн салбарын эхлэл тавигдаж байжээ. Улс орныхоо түүхээр аялж, соёл, зан заншлаа судлах, танин мэдэх ач холбогдол бүхий богд хааны ордон музей ирээдүйд виртуал хэлбэрээр үзмэрүүдээ дэлгэх боломжтой болох юм байна.
Богд хааны ордон музей нь Монголын сүүлчийн хаан VII-р Богд Жавзандамба хутагтын ногоон ордонд байрлах музейн цогцолбор юм. Манай улсын ууган музей 1926 онд анх 200 үзмэртэй нээгдэж байсан бол өдгөө 8600 гаруй үзмэртэй болжээ. Одоогоор манай улсад 14 томоохон музей үйл ажиллагаа явуулдаг байна. Тэгвэл цаашдаа эдгээр музейнүүд виртуал хэлбэрт шилжиж буйг Богд хааны ордон музейн дарга хэлж байлаа. Тэгвэл 10-р сарын 1-ээс 7-ны хооронд Богд хааны музейд “Хааны ордны намар” нэртэй нээлттэй өдөрлөг зохион байгуулагдахаар болжээ. Мөн энэхүү өдөрлөгт өмнө нь тэр бүр дэлгэгдэж байгаагүй үзмэрүүдийг дэлгэхээр болжээ. Богд хааны ордны музейн сонирхолтой үзмэрүүдийг сонирхох хүсэлтэй 2 хүн дундаа нэг тасалбар авч үйлчлүүлэх боломжтой. Харин ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэгүй үзэх боломжтой юм байна.