ХОМ гаргадаг албан тушаалтан оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөхийг хориглодог

2017 оны байдлаар “Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо”-оос Монголын 43 иргэн, аж ахуйн нэгж оффшор бүсэд данс эзэмшдэг гэж мэдээлж байсан. Үүнээс төрийн албанд ажиллаж байсан болон төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилласан тэдгээрийн хамаарал бүхий 23 хүнийг АТГ-аас шалгаж байсан гэх мэдээлэл бий.

“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 10.1-т зааснаар “Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглодог”. Харин шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 22.10.2-т “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох, эсвэл сонгогдох эрхийг 2-5 жил хүртэл хугацаагаар хасаж, 5400-27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Цагдаагийн байгууллагад дээрх асуудалтай холбоотойгоор гомдол, мэдээлэл ирсэн тохиолдолд шалгаж, улмаар эрүү эсвэл зөрчлийн хэргээс хамаарч харьяа Прокурорын газарт шилжүүлэх процесс явагдах ёстой юм байна.