УНТЭ-ийн дүрс оношилгооны эвдэрсэн аппарат хэзээ ажиллагаатай болох нь тодорхойгүй байна

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дүрс оношилгооны аппарат эвдрээд 2 сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд иргэд 110-320 мянган төгрөгөөр эмч нарын зааж өгсөн хувийн эмнэлэгт дүрс оношилгоо хийлгэж байна. Цар тахлын оргил үед “Ковид-19”-ийн халдвар аваад эдгэсэн иргэд уушгиа үзүүлж оношлуулах хэрэгцээ шаардлага ч их байна. Гэвч эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх гээд улсын эмнэлгийг зорьсон иргэд зөвхөн оношилгоонд эм авахаар төлөвлөсөн мөнгөө өгч, зарим нь мөнгө хүрэхгүй учраас тодосгогчгүй дүрс оношилгоо хийлгээд явж байгаагаа хэлж байна

Харин тус эмнэлгийн захирал хэт ачааллаас шалтгаалан аппарат эвдэрсэн. Шаардлагатай сэлбэгийг гадаадаас захиалаад ирчихсэн энэ 7 хоногт ажиллагаатай болно гэж өнгөрсөн 7 хоногт хэлж байсан ч одоогоор засагдаагүй байна.

Үүнийг дахин тодруулахад захиалсан сэлбэг Инчеон дээр явж байгаа гэсэн тайлбарыг УНТЭ-ийн  инженер өгсөн юм. Ийнхүү энэ асуудлыг хэн хариуцаж байгаа нь тодорхойгүй, өөр өөр мэдээлэл өгч бие бие рүүгээ шилжүүлсээр байна. Тиймээс дүрс оношилгооны аппаратыг засах тендерт шалгарсан компаниас уг асуудлыг тодруулахад тендерт шалгарсан ч албан ёсоор гэрээ байгуулаагүй, шалгарсан тухай мэдээллийг 9-р сарын 28-нд бидэнд мэдээлсэн гэсэн юм.

Монгол тв энэ асуудлыг 2 долоо хоногийн өмнөөс сурвалжилж эхэлсний дараа тендерийн шалгаруулалтаа хийсэн байгаа бөгөөд олон нийт яаравчлуулаагүй бол хэзээ уг асуудлыг шийдвэрлэх нь тодорхойгүй. Төв эмнэлэгт ганцхан байдаг дүрс оношилгооны аппаратын эрэлт хэрэгцээ урд өмнөхөөс хэд дахин нэмэгдээд байгаа цар тахлын үед засварын ажлыг яаравчлахыг олон нийт хүсэж байна.