Гаалийн байгууллага зөрчлийн улмаас 37.9 сая төгрөгийн барааг улсын орлого болгохоор түр саатуулжэ

Гаалийн хууль бус бүрдүүлэлт хийж, татвараас зайлсхийсэн, нуун дарагдуулсан гэх мэт 776 удаагийн гэмт хэрэг, зөрчил энэ оны эхний 9 сарын байдлаар Гаалийн байгууллагад бүртгэгдсэн байна.  Тэр дундаа алт, үнэт эдлэлийн гаалийн бүрдүүлэлт, валютыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдах зэрэг зөрчил жин даржээ. Зөрчлийн улмаас 37.9 сая төгрөгийн барааг улсын орлого болгохоор түр саатуулж, 56.8 сая төгрөгийн үнэ бүхий барааг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дүнд түр хураасан байна. 

Хэдийгээр сүүлийн 2 жилийн хугацаанд цар тахлын улмаас хил гааль тодорхой хязгаарлалттай байсан ч үүний зэрэгцээ гаалийн байгууллагад бүртгэгддэг байсан гэмт хэрэг, зөрчил энэ онд ч тодорхой хэмжээгээр бүртгэгдсэн хэвээр л байна. Тухайлбал, улсын хилээр 15 сая төгрөг түүнтэй тэнцэх хэмжээний болон түүнээс дээш хэмжээний валют биедээ авч явж байгаа тохиолдолд гаалийн мэдүүлэгт заавал бичих үүрэгтэй.  Гэтэл улсын хилээр гарах чиглэлд 133.7 мянган юань буюу 58.9 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг хууль бусаар нэвтрүүлэхээр завдсан. Энэ үйлдлийг илрүүлж, улсын орлого болгон хураан авч, 8.8 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Мөн саяхан Монгол улс эх орондоо үндэсний бренд гар утсыг дотооддоо угсарч, зах зээлд нийлүүлэх боломжтой талаарх эерэг мэдээлэл гарч байсан. Харамсалтай нь “Эхлэл” бренд нь гар утасны сэлбэг бус БНХАУ-д үйлдвэрлэсэн гар утас хилээр нэвтрүүлсэн. Ингэхдээ татвараас зайлсхийж, гаалийн бүрдүүлэлт хийсэн нь тогтоогджээ. Тиймээс 60 гаруй сая төгрөгийн торгууль, 170 гаруй сая төгрөгийн нөхөн татвар ногдуулсан байна. 

Энэ оны эхний 9 сарын байдлаар гар утас хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй холбоотой 53 зөрчлийг гаалийн байгууллага илрүүлсэн байна.