Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэдийн 95 хувь нь согтуу байжээ

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил сүүлийн жилүүдэд  тогтмол өсөх болжээ. Тэр тусмаа цар тахлын улмаас  хөл хорио тогтоосон хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил орон гэрт үйлдэгдсэн тохиолдол дийлэнх хувийг эзэлжээ. Тодруулбал, 2020 оны сүүлийн хагас жилийн байдлаар прокурорын байгууллагаас зөрчлийн хэрэг бүртгэл явуулсан нийт хэргийн 28.2 хувь буюу гурван хэрэг, зөрчил тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэл байжээ. Өөрөөр хэлбэл, 2020 оны 3, 4-р улиралд 4366, 2021 оны 1-р улиралд 3382 зөрчлийн талаар гомдол, мэдээллийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавихад судалгаанд хамрагдсан нийт зөрчлийн 95 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Мөн 90 орчим хувь нь зөвхөн орон гэрт үйлдэгдсэн нь тогтоогджээ. Улмаар 193 зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 66 холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, эрүүгийн хуульд заасны дагуу шийдвэрлүүлсэн байна.

Гэр бүлийн хүчирхийлэл хаалттай хаалганы цаана чимээгүй үйлдэгддэг. Тэр тусмаа өнгөрсөн хугацаанд иргэд хөл хорионы улмаас гэртээ тодорхой хугацаагаар байсан үед гэр бүлийн хүчирхийлэл өссөн гэдгийг илтгэх нэгэн тоо баримтыг танилцуулъя. УЕПГ-ын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцөл”-ийг 2020 оны сүүлийн хагас жил, 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар судалж, 7748 хэрэг зөрчилд хяналт тавихад, 95 орчим хувь нь согтуугаар, 90 орчим хувь нь зөвхөн орон гэрт үйлдэгдсэн. Харамсалтай нь зөрчил гаргасан хүмүүсийн 90 гаруй хувь нь эрчүүд байгаагаас, 70-80 хувь нь эхнэр нөхөр, хамтран амьдрагчдын хооронд үүсдэг бол үлдсэн хувь нь хойд эцэг эх, өвөө, эмээ, ах дүүсийн хооронд үүсжээ. Зөрчил гаргасан иргэдийг 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг. Хэрэв гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдвэл тухайн иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болох юм байна. 2020 оны сүүлийн хагас жилд, энэ оны 1-р улирлын байдлаар нийт 193 хэрэг, зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 66 холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, эрүүгийн хуульд заасны дагуу шийдвэрлэжээ.