Олон ажилтантай байгууллага, их дээд сургуулиудаас судалгаа авсны дагуу вакцины явуулын баг ажиллуулна

Нийслэлийн хэмжээнд нэмэлт дархлаажуулалтыг идэвхжүүлэхээр төлөвлөгөө гарсан. Ингэхдээ олон ажилтантай байгууллага, их дээд сургуулиудын дунд судалгаа хийж, явуулын баг ажиллуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн нэмэлт дархлаажуулалтад хамрагдах иргэд заавал харьяаллын дагуу вакцинд хамрагдана гэсэн шаардлага байхгүй. Өөрт хамгийн ойр байгаа цэгтээ очиж, дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм байна.

Цар тахлын эсрэг авч авч хэрэгжүүлэх гол алхам бол амны хаалт хэрэглэхээс гадна вакцины 3-р тунд хамрагдах гэдгийг эрүүл мэндийн байгууллагуудаас зөвлөж байгаа. Учир нь улсын хэмжээнд вакцины 3-р тунд хамрагдсан иргэдийн 1 хувь нь л “Ковид-19”-өөр халдварласан гэх мэдээлэл бий.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 52 сургуулийн бага, дунд, ахлах нийлсэн 200 бүлэг цар тахлын улмаас зайны сургалтад шилжжээ. Хэрэв бага ангиас халдварын нэг тохиолдол илэрвэл, харин дунд, ахлах ангиас гурав болон түүнээс дээш тохиолдол илэрвэл зайны сургалтад шилжүүлэх юм байна. 

Нэмэлт дархлаажуулалтад хамрагдах иргэн гэрээсээ гарах боломжгүй, хүндэтгэх шалтгаантай тохиолдолд дүүргийн дархлаажуулалтын багт хүсэлт гаргах боломжтой гэдгийг НОК-оос мэдэгдлээ.