“Эрдэнэт үйлдвэр” айл өрх, ААН-үүдийн цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрт 700 гаруй тэрбум төгрөг санхүүжүүлээд байна 

Өмнөх Засгийн газрын шийдвэрээр  2020 оны 12-р сарын 1-ээс эхлэн улсын хэмжээнд айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг 2021 оны 7-р сарын 1 хүртэл “тэглэж”, улмаар энэ оныг дуустал сунгасан. Ингэснээр 100 хувь төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр” нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжилтийг шийдвэрлэж, Сангийн яам болон холбогдох байгууллагаас гаргасан тодорхой хуваарийн дагуу төлбөрийг шилжүүлэхээр болсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 700 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ.

“Эрдэнэт үйлдвэр” 1 хоногт 88 мянган тонн хүдэр боловсруулж, 6 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 2.6 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. Тэгвэл 2019 оны байдлаар 961.8 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлж, улсын төсвийн 10 орчим хувийг дангаараа бүрдүүлжээ. “Эрдэнэт үйлдвэр” нь 100 хувь төрийн өмчит үйлдвэр болсноор ард иргэддээ өгөөжөө өгсөн нэг ажил нь “Ковид-19” цар тахал дэгдэж, улсаараа тодорхой хугацаанд “тэг” зогсолт хийж, орлогогүй болсон энэ үед иргэдийн цахилгаан, дулааны эрчим хүч, хогны мөнгө, уур ашигласны төлбөрийг “тэглэж”, санхүүжилтийг 2021 оны 12-р сар дуустал бүрэн хариуцахаар болоод байгаа юм. Эрдэнэт үйлдвэр 2016 онд улсад 184 тэрбум төгрөгийн, 2017–2018 онд 400-450 тэрбум татвар хураамж төвлөрүүлжээ.