Шатахуунаа 100 хувь импортоор авдаг манай улс цахилгаан автомашины хэрэглээг дэмжсэнээр импортоор авдаг шатахууны зардлыг бууруулж, валютын нөөцийг хэмнэн, дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах, агаарын бохирдлыг бууруулах зэрэг олон асуудалд эерэг шийдэл авчрах боломжтой. Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид ч цахилгаан тэжээлт автомашины үйлдвэрлэлд түлхүү анхаарч, 2025-2030 он гэхэд зөвхөн цахилгаан автомашин борлуулна хэмээснийг “BBC” агентлаг уламжилсан байна.
Сүүлийн нэг сарын хугацаанд шатахууны хомсдол үүсч нийгмээрээ бухимдсан нь манай улс зөвхөн нэг нефтийн үйлдвэрээс хараат гэдгийг ойлгуулсан явдал болсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар шатахуунаас хамааралгүй буюу цахилгаан тэжээлт 156 ширхэг автомашин манай улсад бүртгэлтэй байна. Засгийн газар 2017 онд цахилгаан автомашины онцгой албан татварын хувь, хэмжээг 50 хувиар тогтоосон нь цахилгаан автомашины хэрэглээг дэмжсэн мэт боловч ОХУ, Казакстан, Киргиз зэрэг олон улс орон цахилгаан автомашиныг онцгой албан татвараас чөлөөлсөн байдаг. Харин одоогоор манай улсад цахилгаан автомашин эзэмшигчид зам ашиглалтын төлбөрөөс чөлөөлөгддөг. Мөн дугаарын хязгаарлалт хамаарахгүй зорчих эрхтэй байгаа юм.
Өнөөдрийн байдлаар монгол улсын нийт тээврийн хэрэгслийн 60.9% нь нийслэлд бүртгэлтэй бөгөөд агаарын бохирдлын 10 %-ийг автомашины яндангаас гарах хорт утаа бий болгодгийг судалгаагаар тогтоогоод байгаа. Тэгвэл хорт утааны ялгаруулалтыг бууруулах цахилгаан авто машины хэрэглээг дэмжиж нийслэлээс 2019 он гэхэд 18 байршилд цэнэглэгч станц суурилуулна гэж байсан ч одоогоор ажил хэрэг болоогүй байна. Нийслэлд хувийн компаниудын байгуулсан 8 цэгт цэнэглэх станц ажиллаж байгааг автомашин хэрэглэгч хэлсэн юм. Харин нийслэлийн захиргаанаас цэнэглэх станц байгуулахаар төлөвлөөд байсан байршлуудын тухайд Сүхбаатарын талбайн урд зогсоол, Хангарьд ордны ойролцоо, Спортын төв ордон, Барилгачдын талбай, ХУД-ийн Жетро зэрэг хотын төвийн 18 цэг юм байна.