Криптовалют буюу бүх төрлийн койн төлбөрийн хэрэгсэл биш, зөвхөн хөрөнгө оруулалтын хэрэгсэл

Монгол улсад виртуал хөрөнгө, үйлчилгээг хуулиар зохицуулаагүй ч одоогоор 6 хуулийн этгээд Криптовалют зах зээлд нийлүүлж, иргэд аль хэдий нь Криптовалют худалдан авч эхэлсэн. Энэ нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг эрсдэлтэй. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк хамтран Виртуал хөрөнгийн тухай хуулийг УИХ-д өргөн бариад байгаа. Тэгвэл хууль батлагдснаар Криптовалют нь эрсдэлгүй гэсэн баталгаа биш гэдгийг олон нийт ойлгох шаардлагатай юм байна.

Виртуал хөрөнгийн тухай хуулийн гол зохицуулалт нь Криптовалют эрхлэгчдийг бүртгэлжүүлэх, мэдээллийг ил тод байлгах, холбогдох эрх, үүргийг тодорхойлоход чиглэнэ гэдгийг холбогдох газруудаас мэдээлж байна.

Монголбанкны тухайд Криптовалют буюу бүх төрлийн койныг төлбөрийн хэрэгсэл биш, бодит бараа таваар болох боломжгүй, зөвхөн хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж үзэж байгаа. Монгол улсын хуулийн дагуу төлбөр тооцоог зөвхөн төгрөгөөр хийх ёстой учраас Криптовалютаар төлбөр тооцоо хийхийг уриалсан аливаа үйл ажиллагааг төв банк хориглож, таслан зогсоох чиг үүрэгтэй ажиллаж байна. Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос Криптовалют эрсдэлтэй гэдгийг анхааруулсан мэдэгдэл сануулга гаргасаар байгаа. Улс орнуудын хандлага хуулиар зохицуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байгаа бол одоогоор БНХАУ Криптовалютын үйл ажиллагааг албан ёсоор хориглоод байгаа юм.