БНХАУ-д нүүрсний үнэ дахин дээд цэгтээ хүрлээ

БНХАУ-д нүүрсний үнэ өсөж, дахин дээд үзүүлэлтдээ хүрлээ. Бээжингийн Түүхий эдийн биржийн лхагва гарагийн арилжаа хаагдах мөчид нүүрсний “Фьючерс” буюу нүүрс худалдаж авах олон улсын гэрээний нэгжийн үнэ нэг тонн нь 1835 юань болжээ.

Тэгвэл Хятадад нүүрсний Фьючерс үнэ долоон арилжаа дараалан дээд үзүүлэлтээ шинэчилж байгаа. Өнгөрөгч 9-р сараас хойш олон улсад нүүрсний үнэ цар тахал дэгдэж эхэлснээс хойш даруй 2 дахин нэмэгдсэн гэж  “Экономист” агентлагаас мэдээлжээ. Нүүрсний үнэ ийнхүү өсөж байгаа нь тус улсын хэд хэдэн бүс нутагт цаг агаар эрс хүйтэрсэн, Хятадын уул уурхайн бүсэд үерийн гамшиг нүүрлэж, тээвэрлэлтийн асуудал хүндэрсэнтэй холбоотой бөгөөд энэ нь эрчим хүчний хямралыг даван туулахад хүндрэлтэй болгож байгаа талаар судлаачид мэдээлсэн байна. Тэгвэл Хятадын эрх баригчид нүүрсний компаниудаас олборлолтоо нэмэгдүүлэхийг шаардаж байгаа бол банкны салбарынханд нүүрсний компаниудад үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхийг үүрэг болгожээ. Эрх баригчид халаалтын зориулалтаар ашиглах түүхий эдийн хангалттай нөөцтэй байхын тулд эрчим хүч их зарцуулдаг томоохон үйлдвэрүүдийн цахилгаан хангамжийг өвлийн улиралд үргэлжлүүлэн хязгаарлах төлөвтэй байна. Түүнчлэн хөнгөн цагааны үйлдвэрлэл төвлөрсөн Гуанси мужийн эрх баригчид эрчим хүч их хэмжээгээр зарцуулдаг үйлдвэрүүдэд 50 хувийн нэмэгдэлтэй үнээр эрчим хүч нийлүүлэх болсноо мэдэгджээ.