Дэлхий улс орнууд хоол хүнс, бараа материал, эрчим хүчний хомстолтой нүүр тулж байна гэдгийг олон улсын шинжээчид мэдээлжээ. Үүссэн нөхцөл байдлыг цар тахлаас үүдэлтэй бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн саатал, бөөгнөрөлтэй холбон тайлбарлах нь түгээмэл байгаа ч үр дагавар нь янз бүрээр мэдрэгдэж байгааг цохон тэмдэглэжээ.
Оксфордын их сургуулийн эрчим хүчний судалгааны хүрээлэнгээс гаргасан судалгаанд БНХАУ-д эрчим хүчний болон цаасан бүтээгдэхүүний түүхий эдийн хомстол үүсээд байгаа гэдгийг тусгасан байна. Үүнээс гадна тус улсын эрчим хүчний салбарын тэн хагасаас илүү хувийг нүүрсээр хангадаг. Харин дэлхий дахинд цар тахлын давлагаа намжиж эдийн засгийн сэргэлтийн үе эхэлсэнтэй холбоотойгоор нүүрсний үнэ урьд хожид байгаагүйгээр нэмэгдээд байгаа юм. Тэгвэл АНУ-ын цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр тус улсад хүүхдийн тоглоом болон ариун цэврийн цаасны хомстол үүсээд байгааг онцолжээ. Ирэх саруудад болох баярын өдрүүдээр эдгээр бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ АНУ-д улам нэмэгдэхээс гадна бэлэн хувцас, гэрийн тэжээвэр амьтны хоол хүнс зэргийн нийлүүлэлт тасалдаж байгаа цаашид хомстол үүсэж магадгүй гэдгийг мэдээлжээ. Учир нь зүүн өмнөд Азийн улс орнууд тэр дундаа Вьетнам, Индонез зэрэг АНУ-д бараа материалын нийлүүлэлт хийдэг эдгээр улсуудад “ковид-19”-ийн халдварын улмаас ажиллах хүчин дутагдалтай, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эвдрэл зэргээс үүдэлтэйгээр бараа материалын нийлүүлэлт тасалдаад байгаа гэдгийг цагаан ордноос мэдэгджээ. Үргэлжлүүлбэл, Их Британид шатахуун болон цагаан будаа зэргийн хомстол үүсээд байгаа, Японд автомашины эд ангийн төхөөрөмжүүдийн нийлүүлэлт тасалдаад байна.