Хүний хөгжлийн хамгийн эрчимтэй, чухал үе бол бага насны үе байдаг. 1990-ээд оны хүүхдүүдийн бие бялдрыг орчин үеийн хүүхдүүдийнхтэй харьцуулахад дундаж жин, өндөр нь нэмэгдсэн ч цээжний тойрог багасаж жижгэрсэн нь судалгаагаар тогтоогджээ. Үүнийг хөдөлгөөний дутагдал, амьдралын эрүүл бус хэв маяг болоод агаарын бохирдолтой холбоотой гэж үзэж байна.
Төрөөс хүүхдийн хөгжил хамгааллын талаар баримтлах бодлого, нийслэлийн захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжих зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлуудын талаар 2 дахь удаагаа олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. Тус эрдэм шинжилгээний хуралд хүүхдийн боловсрол, нийгэм, сэтгэл зүй, эрүүл мэнд, бие бялдрын асуудлуудыг судлаачид хийсэн судалгаагаа танилцуулсан юм. 10-аад жилийн өмнө хүүхдийн хөгжлийн гол тулгамдсан асуудал нь түлхүү боловсрол, соёлын асуудал байсан бол орчин үед үүн дээр телевизийн хэт хамаарал, сэтгэл зүйн асуудлууд нэмэгджээ.
Мөн орчин үеийн хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлын нэг нь тэдний бие бялдрын хөгжил гэдгийг судлаач хэллээ. Тодруулбал амьдралын буруу хэв маяг, агаарын бохирдол, хөдөлгөөний дутагдал зэргээс шалтгаалж тэдний цээжний тойрог багасаж, жижгэрчээ. Энэ нь эрүүл мэндийн хувьд ухарсан үзүүлэлт гэдгийг судлаач хэллээ.
Хүүхэд хөгжлийн асуудлаар судлаачид хангалттай судалгаа хийдэг ч судалгааны үр дүнд суурилсан хүүхэд хөгжүүлэх бодлого, ажлууд хангалтгүй түвшинд хийгддэг. Тиймээс цаашдаа судлаачдын судалгааны үр дүнг ажил хэрэг болгох тал дээр төрийн зүгээс анхаарах хэрэгтэй гэлээ.