Түлэнхийн эмнэлэггүйгээс олон хүүхэд насаараа хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлд орж байгааг бид өмнө нь мэдээлж байсан. 10 жил дамнасан “Түлэнхийн төв”-ийн барилгын ажил одоогоор 95 хувьтай байна. Эрүүл мэндийн яам барилгын зоорийн давхрыг моорог болгохоор шийдсэнээс шалтгаалан ажил удааширсан гэж гүйцэтгэгч компани мэдээлсэн. Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр гүйцэтгэгч компанийн ажил хил боомтоос шалтгаалан удаж байгаа бөгөөд 12-р сард ашиглалтад оруулахаар компаниудыг шахаж байгаа юм байна. Уг нь хил боомтын асуудал цар тахлын улмаас сүүлийн хэдэн сард л үүссэн. Үүнээс өмнөх 9 жил гаруйн хугацаа “Түлэнхийн төв”-ийг ашиглалтад оруулах хангалттай хугацаа биш гэж үү гэдэг асуулт зүй ёсоор үүсэж байна.
Анхны зураг төлөвлөгөө нь 3 барилгаас бүрдэх түлэнхийн эмнэлгийн барилга өнөөдрийн байдлаар 2 барилгатай болсон. Моорог баригдах газарт орон сууцны барилга баригдаж байгаа. Тиймээс шинэ түлэнхийн эмнэлэг амбулатори болон 240 ортой хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн 2 барилгаас бүрдэнэ.
Эрүүл мэндийн яам “Б” блок буюу 240 ортой хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн зоорийн давхрыг моорог болгохоор захиалгаа өөрчилснөөр барилгын ажил удааширсан гэж гүйцэтгэгч компаниас хэлж байгаа юм. Тэгвэл Эрүүл мэндийн яам зоорийн давхарт моорог хийхээр болсон нь үнэн ч гэлээ гүйцэтгэгч компанийн хийсэн ажлыг нь буулгуулж удаашруулаагүй гэсэн юм.
Эмнэлгийн “А” блокийн барилгын ажлын төсөв 6.3 тэрбум, “Б” блокийн барилгын ажлын төсөв 15.3 тэрбум төгрөг, нийт 22 орчим тэрбум төгрөгөөр баригдаж байна. 10 жил баригдсан “Түлэнхийн төв” ашиглалтад орох 12 дугаар сарыг түлэгдэж гэмтсэн олон хүүхэд хүлээж байна