Манай улсад 2020 оны байдлаар нийт нас баралтын 24.5 хувийг тархины цус харвалт эзэлж байна

Тархины цус харвалт нь дэлхий дахинд төдийгүй манай улсад ч өвчлөл, мөн нас баралтаараа эхний гуравт байна.

Тухайлбал, дэлхий дахинаа жил бүр дунджаар 14 сая хүн харвалтад өртөж, 5.5 сая хүн нас барж байна. Харин манай улсын хувьд нийт өвчлөлийн 12 хувийг зүрх болон тархины судасны өвчин эзэлж байгаа бөгөөд харвалт болон зүрх судасны өвчний улмаас нас баралт тэргүүлж байна. Өнгөрөгч 2020 оны байдлаар нийт нас баралтын 24.5 хувийг тархины цус харвалт эзэлж байна. 2020 онд уг өвчнөөр нас барсан хүмүүсийн 90 гаруй хувь нь 40 өөс дээш насны хүмүүс байна гэсэн судалгаа гарчээ.

Эдгээрийн 43% нь эрэгтэйчүүд, 18% нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд ид хөдөлмөрийн насандаа нас барсан байна. ДЭМБ-ын харьяа дэлхийн харвалтын байгууллагаас 2006 оноос эхлэн жил бүрийн 10 сарын 29-ыг “Дэлхийн харвалттай тэмцэх, урьдчилан сэргийлэх өдөр” болгосон.  Манай улс харвалтын өвчлөлөөр өндөр нас баралттай орны тоонд хамаардаг бөгөөд сүүлийн жилүүдэд энэ өвчнөөр өвдөх хүний тоо буурахгүй байгаа. Тиймээс  энэ жил  “Хором бүрийг аварцгаая“ уриан доор харвалтаас сэргийлэх арга хэлбэр, үзэл санааг сурталчилж байна.

Энэ жилийн тухайд “Ковид-19”-ийн өвчлөлтэй холбоотойгоор цус өтгөрч, судас бөглөрсөн тохиолдол их байгаа бөгөөд цаашлаад тархины харвалт болох тохиолдол багагүй байгаа гэлээ. “Ковид-19” өвчнөөр өвчилсөн хүмүүс цусаа өтгөрсөн эсэхийг сайтар анхаарах хэрэгтэйг юм байна.