Хил хаагдахаас өмнө манай улс өдөрт ачаа тээврийн 400 машинаар нүүрс экспортолж байсан бол өнөөдрийн байдлаар нүүрсний экспорт 2 дахин буураад байна. Манай улсын нүүрсний экспорт 2019 онд түүхэн дээд хэмжээнд хүрч 36.6 сая тоннын экспортоос 3 тэрбум америк долларын орлого олж байжээ. Үүнээс хойш улсын төсөвт нүүрсний экспортын хэмжээг 40 саяас дээш тонноор төлөвлөсөөр ирсэн ч 2 жил дараалан төлөвлөгөөнөөсөө доогуур хэмжээтэй нүүрс экспортолж байна. Тэгвэл 2022 оны улсын төсвийн төсөлд 36.7 сая тонн нүүрс экспортолно гэж тусгаад байгаа нь биелэх эсэх нь мөн л эргэлзээтэй байгааг эдийн засагчид хэлсээр байна. Эрдэс баялгийн салбар улсын нэгдсэн төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлдэг. Үүнд нүүрсний экспорт голлон нөлөөлдөг учраас экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байх нь төсвийн орлого буурах, цаашлаад төсөвт тодотгол хийх, гадаад өр нэмэгдэхэд ч нөлөөлөх сөрөг үр дагавартай юм. Эрээн хотод халдвар бүртгэгдсэн өдрөөс хойш Гашуунсухайт боомтоор өдөрт нүүрс ачаатай 200 автомашин хилээр нэвтэрч байна. Энэ байдал дахин нэг сар үргэлжлэх нь тодорхой болоод байгаа. Учир нь Эрээн хотод 10-р сарын 31-ээс хойш “Ковид-19”-ийн халдвар бүртгэгдээгүй бөгөөд сүүлийн тохиолдлоос 28 хоногийн дараа хилээ нээх магадлалтай гэдгийг Эрээний консулын газраас мэдээлсэн. Хил боомт хэвийн болсон ч ирэх онд БНХАУ өвлийн олимп зохион байгуулна. Энэ нь мөн л манай улсын нүүрсний экспортод нөлөөлнө гэдгийг шинжээчид хэлж байна.