Импортын барилгын материалын үнэ 90 хүртэлх хувиар өсжээ 

Цар тахалтай энэ цаг үед манай улсад орон сууцны үнэ тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Орон сууцны үнэ өсөхөд барилгын материалын үнийн өсөлт түлхүү нөлөөлжээ. Манай улс барилгын материалын нийт хэрэгцээний 30 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэдэг бол 60 гаруй хувийг импортоор авдаг байна. Сүүлийн 2 жил гаруйн хугацаанд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж импортын барилгын материалын үнэ 90 хувь хүртэл өсөөд байна. Харин дотоодод үйлдвэрлэгддэг барилгын материалын үнэ 4 хүртэлх хувиар өсжээ. Тухайлбал, арматур болон төмөр хийцийн үнэ 81 хувиар, дулаалгын хөөсөнцөр, чулуун хөвөнгийн үнэ 92 хувиар өссөн бол, тоосгоны үнэ 52 хувь, мод, модон материалын үнэ 70 хувиар тус тус өсөөд байна.

Дээр дурдсан барилгын материалуудын үнэ өссөн нь орон сууцны үнэ өмнөх жилийн мөн үеэс 35.4 хувиар өсөхөд голлох нөлөөг үзүүлсэн байна.

Барилгын материалын үнэ өссөн нь хэд хэдэн хүчин зүйлсээс шалтгаалж байгаа. Тухайлбал цар тахлын улмаас гадаад зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ өссөнөөс шалтгаалж төмөр орсон бүхий л барилгын материалын үнэ өсжээ. Мөн хил гаалын гацаа, тээвэр ложистикын асуудлаас болж зарим барилгын материалд үнийн хөөрөлт бий болжээ. Барилгын материалын үнийн өсөлтийн бас нэгэн жишээ бол арматур. Өмнө жил 1,7 сая төгрөгөө худалдаалагдаг байсан 1 тонн арматур өнөөдөр 2,8 саяын үнэтэйгээр худалдаалагдаж байна.

Тоо баримтаас харвал импортоор орж ирж буй барилгын материалын үнэ 2 дахин өссөн. Тиймээс цаашдаа барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалж гарах олон сөрөг үр дагавраас сэргийлэхийн тулд дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай юм.

Өнөөдрийн байдлаар манай улс дотооддоо зөвхөн цемент, арматур, хавтгай шилийг үйлдвэрлэж байна. Цаашдаа эдгээр голлох барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ гэж УИХ-ын үйлдвэржилтийн байнгын хорооноос мэдэгдсэн юм.