Хоёр жил дамнан яригдсан “дүүжин тээвэр”-ийг төлөвлөсөн байршилд байгуулах боломжгүй болжээ

Ирэх онд нийслэлийн гол асуудал болсон авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр, гүүрэн байгууламж барих, авто болон явган зам шинэчлэх, автобусны парк шинэчилж 500 цахилгаан автобус үйлчилгээнд нэвтрүүлэх зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Харин хоёр жил дамнан яригдсан “дүүжин тээвэр”-ийг төлөвлөсөн байршилд байгуулах боломжгүй болсон тул төслийг шинэчлэхээр судалгааны ажил хийж байгаа юм байна. Одоогоор олимпийн гүүрээр явган зорчигчид зорчих боломжгүй тул “Централ тауэр”-ээс “Ривер гарден” хотхон хүртэл зорчигчдыг тээвэрлэх дүүжин тээврийн техник эдийн засгийн үндэслэлийг гаргаад байна. 

Нийслэл хотод энэ онд Баянхошуу - Ханын материал комбинат- 3, 4 дүгээр хороолол чиглэлд агаарын дүүжин тээврийг нэвтрүүлэхээр төлөвлөөд байсан. Гэвч цаасан дээр буулгасан төсөл бодит ажил болж чадалгүй өнөөдрийг хүрээд байгаа юм.

Тэгвэл дүүжин тээврийн төслийг газар чөлөөлөлтийн асуудлын улмаас Баянхошуу - Ханын Материал комбинат- 3, 4 дүгээр хороолол чиглэлд хэрэгжүүлэх боломжгүй болсон тул явган зорчигчийн замыг нь шийдвэрлээгүй олимпын гүүрэн дээгүүр байгуулахаар ТЭЗҮ хийгдээд байна.

Анх энэ төслийг санаачлагчид хүн ам олноор суурьшсан, суурьшлын бүст өдөрт 3000 хүн тээвэрлэх хүчин чадалтай дүүжин тээвэр нэвтрүүлж, түгжрэлийг сааруулах асуудал яригдаж байсан юм.