Афганистаны иргэд бага насны охидоо гэрлүүлж, инжний мөнгөөр нь амьжиргаагаа залгуулж байна

“Талибан” хөдөлгөөн Афганистан улсын засгийн эрхийг гартаа авснаас хойш 3 сарын хугацаа өнгөрсөн ч дорвитой өөрчлөлт тус улсад гарсангүй. Харин ч эсрэгээрээ, ажилгүйдлийн түвшин доод үзүүлэлтэд хүрч, ард иргэд нь өр зээлд баригдсаны улмаас бага насны охидоо гэрлүүлж, инжний мөнгөөр нь амжиргаагаа залгуулахад хүрч байгаа тухай эх сурвалжууд мэдэгдсэн байна.

Тоосгоны үйлдвэрт ажилладаг Кабулын оршин суугч Фазал өнгөрсөн сард 13 ба 15 настай хоёр охиноо тэднээс хоёр болон гурав дахин ах эрчүүдтэй гэрлүүлж, инжний төлбөр болгож нийт 3 мянга орчим ам.доллар авснаа хэвлэлд ярьжээ. Цаашид ажилгүй, орлогогүй байдал үргэлжилбэл 7 настай охиноо мөн инжний мөнгөөр солиход бэлэн гэдгээ тэд дурдсан байна. “Гэр бүлээ тэжээж, өрөө дарахын тулд үүнээс өөр сонголт үлдээгүй” хэмээн тэрбээр Ройтерс агентлагийн сэтгүүлчид хэлжээ. Сүүлийн хагас жил орчим ийм үзэгдэл Талибаны дэглэмийн үеэс 2 дахин нэмэгдээд байгаа тухай олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагаас мэдэгджээ. “Ийм түүх сонсохоор миний зүрх хуваагдах шиг болдог. Энэ бол гэрлэлт биш, хүүхдийн хүчирхийлэл юм” гэж өнөөдөр тохиож байгаа олон улсын эмэгтэйчүүдийн хүчирхийллийг таслан зогсоох өдөр Афганистаны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Вазма Фрог ярьж байна. Төрөөд ердөө 20 хонож байгаа охиныг ирээдүйд гэрлүүлэх тохиролцоотой инжний мөнгөөр сольсон тохиолдол хүртэл байгааг НҮБ-ын хүүхдийн сангаас мэдээлсэн байна.  

Өнөөдрийн байдлаар олон сая Афганчууд өлсгөлөнд нэрвэгдсэн байгаа бол 2022 оны дунд үе гэхэд нийт айл өрхүүдийн 97 хувь нь нэн ядуу түвшинд шилжихээр байгааг НҮБ-ын мэргэжилтнүүд тооцоолжээ.