АНУ “ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт”-д ОХУ, БНХАУ-ыг уриагүй

АНУ-ын эрх баригчид ирэх сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа “ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт”-даа дэлхийн 110 гаруй улс орны удирдагчдыг урьжээ. Урилга илгээсэн улс орнуудын жагсаалтыг тус улсын төрийн департаментын цахим хуудсанд нийтэлсэн байна. Харин жагсаалтад ОХУ мөн БНХАУ багтаагүй байгаа юм. 

АНУ-ын эрх баригчид “Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт”-ыг 12 дугаар сарын 9-нд цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөжээ. Уулзалтад улс орнуудын удирдагчид, хүний эрхийг хамгаалагчид, бизнес эрхлэгчид оролцох юм. Гэвч дээд хэмжээний уулзалтад уригдсан улс орнуудын жагсаалтад Орос, Хятад зэрэг улс багтаагүй бол БНХАУ-ын өөрийн нэг муж гэж үздэг Тайваньд урилга илгээжээ.  Жагсаалтад мөн Унгараас бусад Европын холбооны бүх гишүүн орон багтсан бол Турк улсыг мөн дээд хэмжээний уулзалтад уриагүй байна. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын зохион байгуулах гэж байгаа дээд хэмжээний уулзалттай холбогдуулан мэдэгдэл хийхдээ, “Ард түмэн, улс орнуудыг ардчилсан болон ардчилсан бус гэж хуваах зорилготой уулзалт бидэнд хамаагүй” гэсэн байна. Тэгвэл БНХАУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч “Тайванийн арлыг энэ уулзалтад оролцох эсэх шийдвэрийг Хятадын тал гаргах ёстой. Бээжингийн эрх баригчид АНУ-ын өдөөн хатгасан энэхүү үйлдэлд шийдэмгий арга хэмжээ авна” гэж онцлон тэмдэглэжээ.