Энэ онд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор улсын төсөвт тусгасан. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг цаашид хуримтлуулдаг болгох зорилгоор иргэдэд сонголтыг бий болгоно гэдгээ засгийн газраас мэдэгдсэн байна. Засгийн газар хүүхдийн мөнгөний хэмжээг энэ онд 100 мянган төгрөгөөр, хуучин хэвээр тогтоосон ч олголтын хэлбэрт шинэчлэл хийж, халамжаас хуримтлал руу шилжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ монгол улсын 1 сая 218 мянган хүүхдэд 1 их наяд 461 тэрбум төгрөг олгохоор төсөвт суулгажээ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохын тулд 2030 он хүртэл эх үүсвэрээс нь зарцуулахыг хориглосон “Ирээдүйн өв сан”-аас зөвхөн 2022 онд л гэсэн нөхцөлтэйгөөр санхүүжилт хийхээр хуульчилсан. Ингэхдээ хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсвэл сард нэг удаа хүсэлт гаргаж, мөнгөн хуримтлалаас тухайн сард доор дурдсан хугацаанд хуульд заасны дагуу хувиар тооцож бэлэн мөнгө хэлбэрээр авах эрхтэй гэжээ.
Харин 2022 оны 7-р сарын 1-ээс 12-р сарын 31-ийг дуустал хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 50 хувь буюу 50 мянган төгрөгийг албан журмаар хуримтлуулах юм. Тэгвэл хүүхдийн мөнгө олгохтой холбоотойгоор журмаа шинэчилнэ. Мөн оны эхний 6 сарын хугацаанд хүүхдийн мөнгөний 50 хувийг сайн дураар хуримтлуулж, үлдсэн хувийг бэлнээр авах бол E-Halamj систем болон ХХҮЕГ-ын хэлтсүүдээр дамжуулан хүсэлт авахаар яригдаж байна.