Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ 2017 онд албан тушаалаасаа огцорч, авлига, албан тушаалын хэргээр дөрвөн жил, есөн сарын хугацаанд хоригдохдоо дэмжигчдийнхээ ирүүлсэн олон тооны захидалд хариу бичдэг байжээ. Захидлуудыг нь түүний өмгөөлөгч цуглуулж, эмхэтгэн ном болгосон нь өмнөд солонгосын хамгийн өндөр эрэлттэй номын жагсаалтыг тэргүүлжээ.
“Хүсэл тэмүүллийг бүгд мэдэрдэггүй” нэртэй энэхүү ном Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг өршөөлөөр суллагдахаас нэг өдрийн өмнө буюу өнгөрөгч 12-р сарын 30-нд худалдаанд гарчээ.
Өмнөд Солонгосын онлайн болон номын дэлгүүрийн хамгийн том сүлжээ болох Naver bookstore-ийн өнгөрөгч оны 12-р сарын 29-нөөс энэ сарын 4-ний хооронд гаргасан эрэлт ихтэй, өндөр борлуулалттай шилдэг номын жагсаалтыг Пак Гын Хэгийн захидлуудын эмхэтгэл бүхий энэхүү ном тэргүүлсэн байна.
Пак Гын Хэ өнгөрсөн үйл явдлуудын талаар дурсаж бичихдээ өөрийгөө үргэлж хамгаалж, ямар ч гэм буруутай зүйл хийгээгүйгээ нотолж байсныг уг номноос уншиж болох боломжтой гэж мэдээлж байна.