Агаарын бохирдол өссөн нь ердийн буюу стандарт бус зууханд сайжруулсан шахмал түлш түлж байгаатай, мөн иргэд хэт их галлаж байгаатай холбоотой гэж мэргэжлийнхэн зүтгэсээр байгаа. Тэгвэл салбарын сайд нь энэ удаа “түлшний үнэ хямд байгаа нь агаарын бохирдлын шалтгаан болж байна” гэх баримт нотолгоогүй, мэргэжлийн бус мэдээлэл өгч байна. Хурал зохион байгуулдгаараа шалгаруулчихдаг бол нийслэл хот аль хэдий нь утаанаасаа салчих байсан биз ээ. Гэтэл цаг агаар хүйтрэхгүй байгаа нь утааг бууруулахгүй байна, иргэд стандартын зуухандаа бус ердийн зууханд шахмал түлш түлээд байгаа нь утааны шалтгаан болж байна гэж төрийн байгууллагынхан иргэд рүү, бусад руу буруугаа чихэж байсан бол нэгэн цагт шагшин магтагдаж байсан сайжруулсан шахмал түлш нь өөрөө энэ удаад утааны шалтгаан болсон гэх.
Гэтэл өнөөдөр нийслэлийн төвийн 6 дүүрэг нь агаарын чанар сайжруулах бүс учраас нүүрс түлдэггүй. Зарим алслагдсан бүсийн хороодын өрхүүд болон 182 нам даралтын зуух л өнөөдөр нүүрс түлэх зөвшөөрөлтэй. Бусад тохиолдолд нийслэл рүү нүүрс оруулж ирэх боломжгүй буюу 2018 онд засгийн газар түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар нийслэл хот руу оруулахыг хориглосон тогтоол баталсан байхад Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Уртнасангийн хэлсэн шиг шуудай нь 8000 төгрөгийн үнэтэйгээр нүүрс худалдан авах битгий хэл нийслэл рүү нүүрс оруулж ирэх нь угаасаа л боломжгүй гэсэн үг. Түүнчлэн утааг бууруулсан гэж өнгөрсөн 2 жил шагшин магтуулсан сайжруулсан түлшээ иргэд түлээд агаарын бохирдол нэмэгдээд байгаа бол сайжруулсан шахмал түлш стандартын дагуу үйлдвэрлэгдэж байна уу гэдэгтээ анхаарал тавих цаг нь болжээ.