6 буюу түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд төрөөс орон сууцны 1 удаагийн дэмжлэг буюу урьдчилгаа 30 хувийг олгох асуудал сүүлийн өдрүүдэд нилээд яригдаж байгаа. Тэгвэл энэ асуудал олон нийтийн зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгарч, УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийн явцад ч орон сууцны дэмжлэг үзүүлэх зорилтот бүлэг нь өөрчлөгджээ. Энэ тогтоолын төсөл батлагдвал олон хүүхэдтэй гэхээсээ илүү орон сууц авч чадахгүй байгаа залуу гэр бүлүүдийн асуудлыг шийдвэрлэх юм байна.
Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хувилбарт улсын хэмжээнд 6 буюу түүнээс дээш хүүхэдтэй 3633 өрхөд орон сууцны урьдчилгааны 30 хувийг нэг удаа дэмжлэг хэлбэрээр үзүүлнэ гэх асуудлыг тусгаад байсан. Тодруулбал, 6 хүүхэдтэй өрх 2794, 7 хүүхэдтэй өрх 599, 8 буюу түүнээс дээш хүүхэдтэй өрх 240 байдаг. Эдгээр өрхөд орон сууцны дэмжлэг үзүүлж, урьдчилгаа 30 хувийг олгоход 48.4 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцооллыг тогтоолын төсөл өргөн барьсан УИХ-ын гишүүд гаргаад байсан юм. Тэгвэл тогтоолын төсөл хэлэлцүүлгийн явцад дараах байдлаар өөрчлөгдсөн. Тодруулбал, хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хэвлэлд өгсөн ярилцлагаар, сүүлийн 15 жилд гэр бүл салалт нэмэгдээд байна. 2002 онд гэр бүл салалт 2.3 хувь байсан бол одоо гэрлэлтээ батлуулсан гэр бүлийн 23.2 хувь салж байна. Гэр бүл тогтворгүй байгаа нь суурь 2 шалтгаантай. Гэр бүлүүдийн 50-60 хувьд санхүүгийн баталгаа, орон байрны асуудал байна. Тиймээс Засгийн Газраас гэр бүл салалтыг сарниах асуудлыг хэрэгжүүлж, залуу хүмүүсийг орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх ёстой гэж онцолжээ. Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай улсын их хурлын тогтоолын төслийг энэ 7 хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн хэлэлцэнэ.