АНУ-ын эмч нар генийн хувьд хувиргасан гахайн зүрхийг хүнд шилжүүлэн суулгах анхны туршилтын мэс заслыг амжилттай хийжээ. 7-8 цаг үргэлжилсэн мэс заслыг АНУ-ын Мэрилэнд муж улсын их сургуулийн эрүүл мэндийн төвд зүрхний эдгэшгүй өвчтэй Дэвид Беннет гэх өвчтөнд гурван өдрийн өмнө хийсэн талаар мэдээлж байна. Одоогоор өвчтний биеийн байдал хэвийн байгаа юм байна. Эмч нарын хэлснээр энэ нь 57 настай Беннетийн хувьд амьдралынх нь сүүлчийн боломж байсан бөгөөд туршилтын мэс заслыг хийлгээгүй бол нас барах нь гарцаагүй байжээ. Өвчтөн дөрвөн долоо хоногийн турш эмч нарын байнгын хяналтад байх юм байна.
Уг мэс засал "генетикийн хувьд хувиргасан амьтны зүрх хүнийхтэй адил ажиллах боломжтой гэдгийг анх удаа харууллаа" гэж эмч нарын гаргасан тайланд дурдсан байна. Өмнө нь ийм оролдлогууд амжилтгүй болж байсан нь хүний бие махбод өөр амьтны эрхтнийг хүлээж авахгүй татгалздагаас болдог байжээ. Мэс засал хийсэн эмч нар ийм төрлийн мэс заслын ирээдүйг өөдрөгөөр харж байгаа бөгөөд энэ төрлийн мэс засал донор эрхтний хомсдолын асуудлыг шийдвэрлэнэ гэж үзэж байна. АНУ-ын Засгийн газрын мэдээлснээр, одоогийн байдлаар тус улсад 110 мянга орчим хүн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх ээлжээ хүлээж байгаа ажээ. Мөн уг шалтгааны улмаас жил бүр 6 мянга орчим өвчтөн мэс заслаа хүлээсээр нас бардаг байна.