Өнгөрөгч бямба гарагт Номхон далайн өмнөд хэсэгт усан доор орших галт уул дэлбэрсний улмаас Япон, Тонга улс руу чиглэсэн хүчтэй цунами дэгдэж, зарим бүс нутагт үерийн аюул нүүрлээд байсан юм. Тэгвэл уг цунамигийн хүчтэй давалгаа Шинэ Зеландын бүс нутагт хүрээд байна гэж тус улсын Ерөнхий Сайд Жасинда Ардерн мэдэгдсэн байна. Тэрээр одоогийн байдлаар цунамигийн аюултай холбоотойгоор хүн нас барсан болон гэмтэж бэртсэн талаар мэдээлэл хараахан ирээгүй байгаа талаар хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Далайн эргийн дагуу байрлах 50 мянга орчим иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд эхний ээлжинд 340 мянга гаруй ам.долларын тусламжийн хангамж, хоол хүнсний тусламжийг эдгээр иргэдэд үзүүлэхээр болжээ.
Тэгвэл Япон улсад 210 мянга иргэнийг өнгөрсөн 2 хоногт амжилттай нүүлгэн шилжүүлээд байгаа тухай өнөөдөр тус улсын үндэсний цаг уурын албанаас мэдээлсэн байна.
Мөн Өмнөд Америкийн Перу улсын хойд эрэгт гарсан ер бусын хүчтэй давлагаагаар хоёр эмэгтэй усанд живж, амиа алдсан тухай орон нутгийн онцгой байдлын алба өнөөдөр мэдээлжээ.