Binance крипто валютын арилжааны төвийн гүйцэтгэх захирал Чанпэн Жао дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болсныг өнгөрөгч мягмар гарагт нийтлэгдсэн “Блүүмбэрг” агентлагийн тэрбумтнуудын жагсаалт харуулжээ. БНХАУ-д төрсөн Канадын иргэн Жаогийн хөрөнгийн хэмжээг 96 тэрбум ам.доллар гэж үнэлсэн байна. Тэгвэл “Блүүмбэрг” агентлагийн жагсаалт нийтлэгдсэний дараагаар Жао твиттер хуудсандаа “жагсаалтын эрэмбэ дараалалд санаа зовох хэрэггүй. Аль болох олон хүнд туслахад анхааръя” хэмээн хариу жиргэжээ. Дараа нь тэрээр “хөрөнгийн хэмжээгээр биш, нийгмийн төлөөх үйлсэд зарцуулсан хөрөнгөөр нь эрэмбэлдэг болгомоор байна” гэж саналаа бичсэн байна.
Түүнчлэн Binance компанийн хэвлэлийн төлөөлөгч “CNN” сувагт ярилцлага өгөх үеэрээ “Жао бусад тэрбумтнуудын адил асар их хэмжээний мөнгийг сайн үйлсийн аянд зарцуулдаг, үүнийг нь ч нотлох хангалттай баримт байгаа” гэж мэдэгдсэн байна.
Binance компанийг Чанпэн Жао 2017 онд байгуулж байсан нь яваандаа дэлхийн хамгийн том крипто арилжааны төвүүдийн нэг болсон байна. Цагаач гэр бүлд төрж, өссөн тэрбээр өмнө нь Макдональдс түргэн хоолны газарт ажилладаг байжээ.