Нато-гийн эвслийн удирдлагуудтай Украины асуудлаар хийж байгаа яриа хэлэлцээ нь үр дүнд хүрэхгүй бол Куба, Венесуэлд цэргээ байрлуулах боломжтой тухай ОХУ-ын Гадаад Хэргийн Дэд сайд Сергей Рябков тус улсын төв телевизээр мэдэгджээ. Тэрбээр өнгөрөгч мягмар гарагт Швейцарын Женев хотод АНУ болон Нато-гийн талтай хэлэлцээ хийсэн ОХУ-ын төлөөлөгчдийг ахалж ажилласан байна.
Энэ долоо хоногт ОХУ болон АНУ, NATO-гийн эвслийн удирдлагууд гурван тусдаа уулзалт зохион байгуулсан ч аль аль нь үр дүнд хүрээгүй гэж шинжээчид үзэж байна. Тэгвэл өчигдөр Вена хотод болсон гурав дахь ээлжийн уулзалт буюу европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон ОХУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн уулзалт мөн үр дүнд хүрэлгүй өндөрлөжээ. Уг уулзалтад АНУ-ыг төлөөлсөн Майкл Карпентер “дайны бөмбөрийн чимээ улам чангарч, хэл ярианы өнгө нэлээд ширүүслээ” гэж уулзалтын дараагаар мэдэгдсэн байна. Түүнчлэн уулзалтад оролцсон Польш улсын Гадаад Хэргийн сайд Зигнев Рау “Европт дайн гарах эрсдэл сүүлийн 30 жилд байгаагүй хэмжээнд хүрч өслөө” хэмээн анхааруулжээ.