Дэлхийн хоёрдугаар дайны их гарз, олон хүний гуниг зовлонгийн хөрсөн дээр тогтсон энх тайван байдал ганхаж эхэллээ, хүйтэн дайны уур амьсгал бүрэн арилаагүй байна гэж шинжээчид мэдэгджээ. Учир нь Украины хилийн бүс нутгуудад цэргийн хүчнээ төвлөрүүлж АНУ тэргүүтэй барууны улс орнуудыг өдөөн хатгаж байгаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Европ тивийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж улмаар дайны нөхцөл байдалд хүргээд байна гэж шинжээчид үзэж байна.
Женев хотноо өнгөрөгч 7 хоногт болж өнгөрсөн ОХУ-АНУ-ын хэлэлцээнд Оросын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцсон гадаад хэргийн орлогч сайд Сергей Рябков “Вашингтон болон түүний холбоотнууд аюулгүй байдлын асуудлаар бидний тавьсан үндсэн саналуудыг хүлээж аваагүй учраас дахин уулзалт хийх шалтгаан үндэслэл байхгүй” хэмээн хатуу мэдэгдэл хийсэн юм. Энэ мэдэгдлийн дараагаар Евротой харьцах рублийн ханш 50 гаруй копейкоор унасан бол Москвагийн хөрөнгийн биржийн индекс 2 хувиар тус тус унасан байна. Шинэ жилийн урт амралтын дараа ОХУ болон АНУ, НАТО, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хооронд цуврал 3 удаагийн хэлэлцээ болсон юм. Тодруулбал, энэ сарын 10-нд ОХУ-АНУ, 12-нд ОХУ-НАТО-гийн зөвлөл, 13-нд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хуралдаан тус тус болж өнгөрсөн юм.
НАТО-гийн хувьд ойрын үед Украин, Гүрж зэрэг улсыг эгнээндээ элсүүлэхээр төлөвлөөгүй байгаа боловч тус эвслийн дүрэмд “Нээлттэй хаалганы зарчим” гэдгийг тусгасан байдаг. Харин АНУ-ын байр суурь бол Украин, Гүржийн цаашдын хувь заяаг өөрсдийнх нь оролцоогүйгээр Оросын тал дангаараа шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Түүнчлэн энэ удаагийн цуврал хэлэлцээнд АНУ-ын төлөөлөгчид хоёр талын аюулгүй байдалтай холбоотой “Зэвсэглэлд хяналт тавих”, “Цэргийн сургуулилтыг хянах”, “Ойрын болон дунд тусгалын пуужингийн гэрээг сэргээх” гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр ирснийг мэргэжилтнүүд онцолжээ. Харамсалтай нь ОХУ-ын дипломат төлөөлөгчид энэ талын техникийн асуудлуудыг хэлэлцэхээс эрс татгалзсан байна.