Европын холбооны Дани улсын засгийн газраас ирэх сард БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдах өвлийн олимпын наадамд дипломат төлөөлөгчөө илгээхгүй байхаар шийдвэрлэжээ. Үүнтэй зэрэгцэн Нидерланд улс ч мөн адил шийдвэрийг өнөөдөр гаргасан байна.
Энэ тухай “РОЙТЕРС” агентлаг тус улсын гадаад хэргийн сайд Еппе Куфудагийн мэдэгдлээс эш татан мэдээлсэн байна. "Дани улсын засгийн газар БНХАУ-д болох өвлийн олимпд оролцохгүй байх шийдвэр гаргасан. Дани улсын иргэд Хятад дахь хүний эрхийн байдалд ихэд санаа зовж байгаа нь нууц биш юм" гэж Куфудагийн мэдэгдэлд дурджээ. Үүнтэй холбогдуулан Нидерланд улсын гадаад хэргийн сайд “БНХАУ-д Шинжаан-Уйгарт хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа гэж тус улсын засгийн газар үзэж байгаа учраас дипломат төлөөлөгчдөө илгээхгүй байхаар шийдвэрлэсэн” хэмээн мэдэгджээ.
Хятадын хүний эрхийн байдалтай холбогдуулан Бээжингийн наадмыг дипломат аргаар эсэргүүцэж, албан ёсны төлөөлөгчдөө илгээхгүй гэдгээ АНУ өнгөрсөн 12-р сарын 6-нд мэдэгдсэн юм. Харин тус улсын баг тамирчид тэмцээн уралдаандаа оролцох юм. Бээжингийн олимпыг эсэргүүцэх төлөвлөгөөнийхөө талаар АНУ-ын эрх баригчид холбоотнууддаа мэдэгдсэн бөгөөд одоогоор Австрали, Их Британи, Канад, Дани, Нидерланд, Япон зэрэг улсууд тэдэнтэй нэгдээд байна.
БНХАУ-ын талаас дээрх шийдвэрийг олимпын дүрэмд харш, улс төрийн манипуляци хэмээгээд хариу арга хэмжээ авна гэж анхааруулжээ.