Жил орчмын хугацаанд яригдаж буй “лифтний” гэх тодотголтой бичлэгт дурдагдсан өмгөөлөгч, шүүгч нарын асуудал эхнээсээ нэг талдаа гарч байна. Тэдний төлөөлөл болсон өмгөөлөгч Б.Баасанцогтын ёс зүйгүй үйлдэлтэй холбогдуулан Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 5-р сарын 21-ний 6 дугаар тогтоолоор өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэсэн. Уг шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргажээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх маргааныг 2021 оны 11-р сарын 3-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд “Олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан үйлдэл гаргасан нь өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 43 дугаар зүйлийн 43.1.2-т заасныг тус тус зөрчсөн” гэсэн үндэслэлээр Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 6 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, Б.Баасанцогтын гомдлыг хангахгүй орхисон байна.
Тэгвэл Б.Баасанцогт нь хуулийн хүрээнд Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох маргаанд дахин гомдол гаргаж, өнөөдөр улсын дээд шүүх уг гомдлыг хянан хэлэлцсэн. Улмаар улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар мэргэжлийн хариуцлагын хорооны маргааныг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар магадлал буюу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээжээ.