АНУ-ын эрх баригчид ойрын хугацаанд цөөн тооны цэргээ Зүүн Европ руу илгээхээр төлөвлөж байгааг тус улсын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн бямба гарагт хэвлэл мэдээллийнхэнд мэдэгджээ. Тэрбээр “АНУ-ын цэргийг НАТО-гийн гишүүн орнуудад болон Зүүн Европт ойрын хугацаанд байршуулна, цэргийн тоо 10 мянга орчим байх болно” хэмээн мэдэгдэлдээ онцолжээ.
Энэ үеэр ерөнхийлөгч Жо Байден-аас Украины нөхцөл байдлын талаар ямар нэгэн шинэ мэдээлэл байгаа эсэхийг асуухад “Сүүлийн өдрүүдэд онцгой шинэ мэдээлэл байхгүй байна” гэж хариулжээ.
АНУ Европ руу 10 мянга орчим цэргээ илгээхэд бэлэн байгаа боловч энэ асуудлаар эцсийн шийдвэр хараахан гараагүй байна гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирби өнгөрсөн 7 хоногийн эхээр мэдээлсэн. Түүний хэлснээр, АНУ Байлдааны, Тагнуулын, Нисэхийн, Эмнэлгийн болон Тээврийн ангиудыг илгээх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Уг цэргийн бүрэлдэхүүнийг Украины эргэн тойронд үүссэн хурцадмал байдалтай холбоотойгоор аюулгүй байдалдаа санаа зовж байгаа НАТО-гийн гишүүн орнуудын нутаг дэвсгэрт тус эвслийн удирдлага дор байрлуулах зорилготой гэж АНУ-ын эрх баригчид мэдэгджээ.
Сүүлийн саруудад КИЕВ болон барууны улс төрчид ОХУ-ыг Украинтай залгаа хилийн бүсэд цэргийн хүчээ төвлөрүүлж байгаа тухай мэдэгдсээр байна. Харин энэ талаар ОХУ-ын эрх баригчид мэдэгдэхдээ, тус улсын цэргүүд өөрийн нутаг дэвсгэрт шилжин байрлаж байгаа бөгөөд энэ нь хэнд ч заналхийлээгүй тул хэн нэгэн үүнд санаа зовох ёсгүй хэмээн хариу мэдэгдэл хийсээр байгаа юм.