Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар нийтийн сонсгол хийхийг АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлөөс хүслээ
Монгол улсын Хөгжлийн банкнаас зээл авсан чанаргүй зээлийн ангилалд багтсан зээлдэгчдийг энэ сарын 20-нд олон нийтэд ил болгосон. Тус банкнаас чанаргүй зээлийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан 25 зээлдэгчийн мэдээллийг зарласан юм. Хөгжлийн банкны албан ёсны мэдээллээр өнгөрсөн хугацаанд нийт 75 зээл олгосноос 42 зээл нь чанаргүй ангилалд багтсан байна.
Нийгэмд “Дабл Стандарт” буюу давхар стандарт тогтоож, улс төрчдөөс хараат хувийн компаниудад давуу байдлаар зээл олгож, иргэдэд шударга бус хандаж байгаад Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөл шүүмжлэлтэй хандаж байна. Тиймээс уг асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нэн даруй хуралдах, нийтийн сонсгол хийх, үлдсэн зээлдэгчдийг ил тод мэдээлэхийг авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлөөс шаарджээ.
Хөгжлийн банкнаас 66 компанид олгосон 75 зээлийн нийт мэдээллийг ил болголоо
Үүнтэй зэрэгцэн өнөөдөр Монгол улсын Хөгжлийн банкнаас 66 компанид олгосон 75 зээлийн нийт мэдээллийг ил болголоо.
Хэвийн зээлдэгч нарын жагсаалтад Монголын газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг 14 компани байгаа бол эргэн төлөлтийн зөрчил үүссэн “Эрдэнэс Монгол” гэх мэт 10 компани мөн багтжээ. Харин газар дээр нь хийх дотоод шалгалтын дараа шүүхэд нэхэмжлэл гаргах эсэхийг шийдвэрлэх Хөтөл, Бэрэн Групп, Ачлал Трейд, Модун зэрэг 17 компанийн нэрсийг ийнхүү ил тод зарласан байна. Цаашид банкны үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг тогтмол олон нийтэд ил тод, нээлттэй хүргэх зарчмыг баримтлан ажиллана гэдгээ Хөгжлийн банкнаас албан ёсоор мэдэгджээ.