Бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400-500 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр болсон. Харин үүнтэй холбогдуулан 399 мянга болон 499 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүнд 1000 төгрөг нэмээд үүнийгээ тэтгэвэр нэмлээ гэж хэлэх үү гэж олон нийт бухимдаж байна. Тэгвэл олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа тэтгэврийн тооцооллыг хүргэе.
- Манай улсын хэмжээнд 469 мянга гаруй хүн тэтгэвэр авдаг байна. Үүнээс 72,333 иргэн хувь тэнцүүлсэн тэтгэвэр авдаг бөгөөд тэтгэврийн хэмжээг нэмснээр 300 мянган төгрөгөөс 400 мянган төгрөг болж нэмэгдэх юм байна. Хэрэв 300 мянган төгрөгийн хувь тэнцүүлсэн тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлбэл 345 мянган төгрөг болох ч уг тэтгэврийн доод хэмжээг автоматаар хувь тэнцүүлж байгаа учраас 55 мянган төгрөгөөр нэмэгдүүлж таарч байгаа юм байна.
- Харин бүрэн тэтгэврийн доод хэмжээг 199,919 иргэн авдаг бөгөөд 350 мянган төгрөгөөс 500 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр тооцож байгаа юм.
- Гэхдээ 380 мянга, 480 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг бол 20 мянган төгрөгөөр нэмэгдэх нь шударга бус гэж зарим иргэд шүүмжилж байгаа.
- Угтаа бол иргэн та өмнө нь 480 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан бол таны тэтгэвэр 20 мянган төгрөгөөр биш 15 хувиар буюу 72 мянган төгрөгөөр нэмэгдэж, 552 мянган төгрөг болно гэж засгийн газраас тооцжээ.
Улсын төсөвт тодотгол хийж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэх хуулийн төслийг УИХ-аас баталснаар 2-р сарын 1-нд буюу маргаашнаас иргэдийн тэтгэвэр нэмэгдэл дүнтэйгээр дансанд нь орох юм байна.
Улсын төсөвт тодотгол хийх замаар тэтгэврийн хэмжээг дунджаар 100-150 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхэд 637.3 тэрбум төгрөг шаардлагатай. Шаардлагагүй хөрөнгө оруулалтын төслийг 2023 он руу шилжүүлж, НДС-аас 2021 онд давсан орлогыг шилжүүлж тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээг авахаа засгийн газраас мэдэгдсэн.
Ямартаа ч Монгол улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг тодотгож, Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт орууллаа. Засгийн газраас болон УИХ-аас нэмэгдсэн тэтгэврийн хэмжээгээр 2-р сарын 1-нд тэтгэвэр оруулна гэж мэдэгдсэн. Мөн төсөв дагасан хуулиудад цар тахлын эсрэг түр хуулийг 2022 оны 12-р сарын 31 дуустал сунгаж байна.