Их Британийн засгийн газар ОХУ Украин руу халдан довтолсон тохиолдолд хэрэгжүүлэх шинэ хориг арга хэмжээгээ танилцуулжээ. Уг хориг арга хэмжээний шинэ багцыг мягмар гарагт танилцуулсан бөгөөд ОХУ-ын эрчим хүчний компаниуд хоригт өртөж болзошгүй байна. Энэ талаар Их Британийн засгийн газрын эх сурвалжуудаас эш татан “Ройтерс” агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, хөрөнгийг нь царцаах, Их Британи руу нэвтрэхийг хориглох арга хэмжээг ОХУ-ын эрх баригчдад мөн "стратегийн ач холбогдол бүхий" хувь хүн, хуулийн этгээдүүдэд авах юм байна.
Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон парламентийн хэлэлцүүлгийн үеэр, “ОХУ-ын эсрэг хэрэгжүүлэх хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлсэн бөгөөд одоогийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулж байгаа” гэж мэдэгджээ. Тэрбээр "Одоогийн байдлаар бид зөвхөн Украины байдлыг тогтворгүйжүүлэх үйл ажиллагаанд шууд оролцдог хүмүүст хориг арга хэмжээ авах боломжтой байгаа. Кремль болон ОХУ-ын дэглэмийн ашиг сонирхлыг төлөөлж байгаа аливаа компанид хориг арга хэмжээ авахын тулд бид жагсаалтыг өргөжүүлсэн" хэмээн мэдэгдсэн байна.
Гэхдээ хориг арга хэмжээ чухам ямар хугацаанд, хэзээнээс хэрэгжиж эхлэх талаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ.