Энэ сарын 4-нд АНУ-ын засаг захиргаа 3000 мянган цэргээ Зүүн Европт илгээх шийдвэр гаргасан ч чухам хэзээ үүрэг гүйцэтгэж эхлэх талаар тодорхой мэдээлээгүй байсан юм. Тэгвэл Бээжин хотод зохион байгуулагдаж байгаа Өвлийн Олимпын наадмын үеэр БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин Умард Атлантын эвсэл буюу НАТО болон АНУ-ын эрх баригчдын “Хүйтэн дайны үзэл суртлыг эхлүүлсэн” бодлогыг буруушааж, тэднийг Украинаар дамжуулан Умард Атлантын эвслийн үйл ажиллагааг Москва хүртэл тэлэх оролдлого хийж байна гэжээ.
Уг мэдэгдлийн дараагаар өчигдөр буюу ням гарагт АНУ-ын Цагаан ордноос Зүүн Европын орнуудад буюу Польш, Герман, Румын зэрэг улсад 3000 орчим цэрэг болон дайны зэвсэг, техник хэрэгслийг НАТО-гийн цэргүүдэд нэмэлт хүч болгон илгээж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Польшийн Батлан хамгаалахын сайд Мариуш Блашчак хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагынхаа үеэр, АНУ-ын элит ангийн эхний ээлжийн цэргүүд тус улсад газардсан гэдгийг нотолсон байна. Мөн Пентагоны хэвлэлийн албанаас, өнөөдөр Польш улсад газардсан 1700 орчим цэргийн шилжилт хөдөлгөөн нь өмнө нь Цагаан ордны тэргүүний тушаалаар Европт байрлуулахаар бэлэн байдалд байгаа 8500 орчим цэрэгтэй холбоогүй гэдгийг онцолжээ. Дээрх 8500 орчим цэргийг одоогоор Европ руу илгээгээгүй байгаа ч тушаал өгсөн тохиолдолд илгээхэд бэлэн гэж АНУ-ын Пентагоны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Жон Кирби нэмж мэдээлсэн байна. Харин өнөөдөр газардсан 1700 цэргүүдийн үүрэг нь “Түрэмгийллийг тогтоон барих”, “Тэргүүн шугам дээрх холбоотон орнуудын хамгаалалтад туслах зорилготой” гэж Жон Кирби мэдэгдэлдээ онцолжээ.