Монгол улсын 469 мянга гаруй иргэний тэтгэврийг нэмэхтэй зэрэгцэн Улсын их хурал “Ковид-19”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2022 он дуустал сунгасан. Цар тахлын хуулиар халхавчлан засгийн газар онцгой журмаар шийдвэрлэх эрх дахин 6 сараар сунгагдлаа гэсэн үг. Гэхдээ айл өрхүүдэд үзүүлж буй цахилгаан, эрчим хүчний хөнгөлөлт, мөн ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах асуудал одоогоор яригдаагүй байна.
УИХ намрын чуулганаа завсарласан ч өнгөрөгч 1-р сарын сүүлээр ээлжит бусаар хуралдаж, 2022 оны төсөвт тодотгол хийсэн. Үүнтэй зэрэгцэн сарын өмнөхөн нь буюу 2021 оны 12-р сарын 30-нд өөрчлөлт оруулж, 6 сараар сунгасан “Ковид-19”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2022 он дуустал сунгачихлаа. Уг хуулиар засгийн газар онцгой журмаар шийдвэрлэх эрх хэмжээ нь хадгалагдах болж байна. Тодруулбал, олны хэл амыг багагүй таталсан ч албан тушаалтныг сонгон шалгаруулалтгүй томилох асуудал он дуустал үргэлжлэх нь. Учир нь цар тахлын эсрэг хууль хэрэгжих хугацаанд албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалт хэрэгжихгүй.
Цар тахлын эсрэг хуульд 2021 оны 12-р сарын 30-нд нэмэлт, өөрчлөлт оруулснаар засгийн газар зөвхөн айл өрхийн цахилгаан, эрчим хүчний хөнгөлөлтийг 5 сарын хугацаанд үргэлжлүүлэхээр болсон. Орон сууцны айл өрхийн 250 квт.цаг хүртэлх, гэр хорооллын айл өрхийн 350 квт.цаг хүртэлх цахилгаан, эрчим хүчний хөнгөлөлт 5-р сарын 31 дуустал үргэлжлэхээр болсон. Хэдийгээр цар тахлын эсрэг хуулийг 2022 он дуустал сунгасан ч айл өрхөд цахилгаан, эрчим хүчний хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй, мөн засгийн газрын түвшинд яригдаагүй байна.
Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг 6 сараар хойшлуулж, 2022 оны 6-р сарын 30 дуустал үргэлжлэхээр болсон. Харин цар тахлын хуулийг ийнхүү 2022 он дуустал сунгасан ч ипотекийн зээлийн төлбөрийг дахин сунгах асуудлаар Монголбанкнаас тодруулахад одоогоор ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах талаар шийдвэр гараагүй гэлээ.