Германы шинэ канцлер Олаф Шольц даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан байна. Уулзалтын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар Орос-Украины хооронд үүсээд байгаа нөхцөл байдлыг дипломат аргаар хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн гэж Цагаан Ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Саки мэдэгджээ
Уулзалтын дараа Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр Байден “Хэрвээ ОХУ Украинд халдан довтолбол тус улсын стратегийн гол бүтээн байгуулалт болох Умардын Урсгал-2 байгалийн хийн хоолойн төсөл цаашид үргэлжлэх боломжгүй болно” хэмээн мэдэгдсэн байна.
“Умардын Урсгал-2” нь ОХУ-аас Балтийн тэнгисээр дайруулан Герман руу татсан 1225 км урт байгалийн хийн хоолойн төсөл юм. Таван жил үргэлжилж, 11 тэрбум ам.долларыг зарцуулсан уг төсөл ОХУ-аас Герман болон Төв Европын улсуудад нийлүүлэх хийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх зорилготой байна.
Германы дүрэм журамд нийцээгүй гэсэн үндэслэлээр хоолой ашиглалтад орох хугацаа одоогоор хойшлогдоод байгаа юм.
Гэхдээ Германы эрчим хүчний компаниуд уг төсөлд багагүй хэмжээний хөрөнгө оруулсан тул Берлиний эрх баригчид хийн хоолойд хориг тавих эсэх нь эргэлзээтэй байгаа гэж шинжээчид үзэж байгаа. Харин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр өөрийн шийдвэрээр “Умардын Урсгал-2” төслийг зогсоож, ОХУ-ын эзлэн түрэмгийллийн хариуд шийтгэх амлалт өгсөн юм.
Харин ХБНГУ-ын канцлер Олаф Шольц уг асуудалтай холбоотой шууд амлалт өгөхөөс татгалзсан байна. “Герман улсын засгийн халдан түрэмгийллийг дэмжихгүй бөгөөд АНУ-ын шийдвэрийг хүндэтгэж үзнэ” хэмээн мэдэгдсэн байна.
Украин 200 сая ам.долларын батлан хамгаалах салбарт ашиглах цэргийн зэр зэвсгийн тусламжийг Ану-аас тусламжаар авахаар болсон. Тусламжийн зэр зэвсгийн 3 дахь ээлж энэ сарын 6-ны өдөр Украинд газардсан талаар тус улсын Батлан хамгаалах яамны сайд мэдэгдсэн. АНУ-ын эрх баригчид өнгөрсөн оны 12-р сард Украины аюулгүй байдалтай холбоотойгоор тус улсын батлан хамгаалах салбарт зориулж зэвсгийн тусламж үзүүлэхээ мэдэгдээд байгаа юм.