ОХУ-ын эрчим хүчний “Газпром” компани Хятадын үндэсний газрын тосны корпорацтай алс дорнодын газар нутгаар дамжуулан 10 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн өнгөрсөн сарын сүүлчээр "газпром" компани "Союз Восток" хий дамжуулах хоолойн төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссанаа зарласан бөгөөд уг хоолой нь Монгол улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх "Сибирийн Хүч-2" хий дамжуулах хоолойн үргэлжлэл болох юм байна.
Уг төсөл бүрэн хүчин чадлаараа ажилласны дараа ОХУ-аас Хятад улс руу нийлүүлэх хийн хэмжээ 10 тэрбум шоо метрээр нэмэгдэж, "Сибирийн Хүч" хий дамжуулах хоолойгоор нийлүүлэх хэмжээг оруулаад жилд нийтдээ 48 тэрбум шоо метрт хүрнэ гэж "Газпром" компанийн мэдэгдэлд мөн дурджээ.
"Оросын хийг Хятадад нийлүүлэх хоёр дахь гэрээнд гарын үсэг зурсан нь манай улс болоод компаниудын харилцан итгэлцэл, түншлэлийн харилцаа өндөр түвшинд байгааг гэрчилж байна" гэж тус компанийн тэргүүн Алексей Миллер цохон тэмдэглэсэн байна.
"Газпром" болон Хятадын үндэсний газрын тосны байгууллага нар 2015 онд баруун чиглэлээр буюу "Сибирийн Хүч-2" хий дамжуулах хоолойгоор Баруун Сибирийн орд газраас Хятад руу хий нийлүүлэх үндсэн нөхцөлийн тухай гэрээ байгуулж, ОХУ-ын алс дорнодоос Хятад руу байгалийн хий нийлүүлэх төслийн тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж байсан юм байна.
ОХУ-ын хий дамжуулах хоолой нь тус улсын зүүн хэсгийн хийн тээврийн хамгийн том систем болох "Сибирийн Хүч-1" хоолойгоор дамжин Хятадад хүрдэг. Тэгвэл "Сибирийн Хүч-1" хоолойн экспортын хүчин чадал нь жилд 38 тэрбум шоо метр юм.
Харин хоёр улсын талуудын хооронд 2014 онд байгуулсан 30 жилийн гэрээний дагуу 2019 оны 12 дугаар сард Оросын байгалийн хийг зүүн чиглэлээр Хятадад нийлүүлж эхэлжээ. Энэхүү хий дамжуулах хоолой нь 2025 он гэхэд бүрэн хүчин чадалдаа хүрэх төлөвтэй байгааг талууд мэдэгдээд байна.