Машин ачилтын орлогын тодорхой хувийг нийслэлийн эвдэрсэн замуудыг засахад зарцуулах шаардлагатай 

Манай улсад 2015 оноос автомашин ачиж, тээвэрлэх зохицуулалт, журам албажин шинэчлэгдэж хувийн компаниуд автомашин ачих ажлыг нийслэлийн замын хөгжлийн газартай гэрээ байгуулснаар бүрэн хариуцан ажиллаж эхэлжээ.

Одоогоор нийслэлд авто машин ачилтын 14 хувийн компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компаниуд өдөрт дунджаар 100-150 автомашин ачиж, ачилтын хөлсийг иргэдээс авдаг. Автомашины жингээс хамаарч ачилтын хөлс нь 60-90 мянган төгрөг болдог. Энэ тооцооллоор бол ачилтын компаниудын сарын орлого дунджаар 270 сая төгрөг, жилийн орлого дунджаар 3 тэрбум 240 сая төгрөг болж байгаа юм. 2015 оноос 6 жилийн хугацаан дахь машин ачилтын төлбөрт иргэд нийт 18 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Энэ нь 20 км авто зам тавихад хүрэлцэх мөнгө гэж үзэж байна.

Гэтэл өнөөдрийг хүртэл машинаа ачуулсан иргэдийн төлсөн төлбөрийн нэг хувь нь ч Авто замын санд төвлөрдөггүй. Харин НИТХ- аас машин ачилтын төлбөрийн тодорхой хувийг Авто замын санд төвлөрүүлдэг болгох журмын саналыг 11-р сард Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Энэ талаар яамнаас тодруулахад журам батлагдахыг хүлээж байна гэсэн мэдээллийг өгч байна. 

Монгол тв энэ асуудлаар өнгөрсөн 6-р сард мэдээлэл бэлтгэж байхад ачигч автомашинуудын нэгдсэн холбооноос машин ачилтын төлбөрийн 10 хувийг Авто замын санд төвлөрүүлэхэд бэлэн гэдгээ НИТХ-д илэрхийлсэн гэж хариулсан.  Харин НИТХ-аас уг асуудлыг тодруулахад 11-р сард хүргүүлсэн журмын саналынхаа хариуг хүлээж байна гэсэн юм. Харин хууль зүй дотоод хэргийн яамнаас уг журмыг батлах ажил ямар шатанд явааг тодруулах гэсэн боловч мэдээлэл өгсөнгүй. 

Тэгвэл иргэдийн зүгээс машин ачилтад төлсөн төлбөрөөс замаа засах хэрэгтэйг хэлж байгаа бол зарим иргэд машин ачихаас илүүтэй торгууль тавьж үлдээдэг болбол төлсөн торгууль хувийн компанид биш төсөвт хуримтлагдах нь хэрэгтэй гэлээ. 

Өдөрт 100 гаруй тооны машин ачсан мөнгө зөвхөн ачилтын компанид хуримтлагдаж байна. Тэгвэл орлогоос яаралтай мөнгө хуримтлуулж нийслэлийн эвдэрсэн, цуурсан замуудыг засахад зарцуулах шаардлагатай байна.