“Мета” компанийн удирдлагууд европын холбооны хууль тогтоогчдын АНУ-руу илгээж байгаа хэрэглэгчийн мэдээлэл хангалтгүй байгааг өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн байна. Мөн энэ шалтгааны улмаас “Facebook”, “Instagram” зэрэг цахим апп-уудын үйл ажиллагааг Европ тив даяар зогсоох эсэхийг авч хэлэлцэнэ гэдгээ тус компанийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг анхааруулсан байна.
Европын холбоо болон “мета” компанийн хооронд үүсээд байгаа гол маргаан нь Facebook, Instagram зэрэг апп-уудын хэрэглэгчийн мэдээлэл, хувийн нууцлалыг хамгаалах нь тус компанийн гэрээгээр зохицуулагддаг. Мөн гэрээний дагуу тус апп-уудыг хэрэглэдэг нийт хэрэглэгчийн хувийн мэдээлэл аНУ-д байрлах тус компанийн төв серверт боловсруулагдаж, хадгалагдах ёстой байдаг байна.
Харин Европын холбооны хууль сахиулагчид хэрэглэгчийн мэдээллийг дамжуулах үйл ажиллагааг өөрсдийн хатуу хяналт шалгалтын дор явуулж, өгөгдлийг бүрэн хэмжээгээр нь АНУ-руу дамжуулахаас татгалзаж байгаа юм байна. Тэгвэл цаашид Европын улс орнуудын эрх баригчид “Мета” компанийн одоогоор хэрэгжүүлж байгаа гэрээний загварыг шинэчлэх болон тус компаниас санал болгож байгаа бусад сонголтуудыг хүлээн зөвшөөрөхгүй бол Европт явуулж байгаа үйл ажиллагаагаа зогсооно гэж Цукерберг хатуу анхааруулсан байна.
Үүнтэй холбогдуулан Германы Сангийн сайд “Би сүүлийн 4 жил эдгээр цахим хуудаснуудыг хэрэглэлгүй амьдарч байна. Цаашдаа үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдсэн байна. Мөн Франц, Италийн эрх баригчид “Манай тивийг цахим сүлжээгүй энх тайван, амар амгалан болгох үйлсэд нь Цукербергэд амжилт хүсэж байна” хэмээн твиттер хуудсаараа дамжуулан ижил утгатай өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байна.
Тэгвэл уг мэдэгдлийн дараа буюу өчигдөр арилжаа хаагдах үед тус компанийн хувьцааны ханш 1.2 хувиар унасан гэж АНУ-ын Нью-Йорк хотын Хөрөнгийн биржээс мэдээлжээ.