“Долоогийн бүлэг”-ийн орнуудаас Канадын хүн ам хамгийн хурдан өсөж байгааг тус улсын статистикийн хорооноос лхагва гарагт танилцуулсан тоон мэдээлэл харуулж байна. Канадын хүн ам 2016 оноос хойш 5.2 хувиар өсөж, 2021 онд 37 орчим саяд хүрчээ.
Канадын статистикийн хороо нь 2021 оны хүн амын тооллогын эхний дүнгээ танилцуулж байгаа бөгөөд үүнд хүн амын тоо, өсөлтийн үзүүлэлт багтжээ. Тус байгууллага тооллогын нэгдсэн дүнг ойрын саруудад танилцуулах юм байна. Канадын хүн амын өсөлтийг шалтгаанаар нь ангилбал, 80 орчим хувь нь цагаачлал, 20 хувь нь ердийн цэвэр өсөлттэй холбоотой байна. Харин статистикийн хороо нь ирэх 50 жилд ердийн цэвэр өсөлт эерэг үзүүлэлттэй байна гэж өөдрөгөөр харж байгаа юм. Тус хорооны мэдээлснээр цар тахлын улмаас бусад улс орноос ирэх цагаачдын урсгал саарснаас гадна шинэ төрөлтөд нөлөөлжээ. Энэ нь чамлахаар үзүүлэлт хэдий ч “Долоогийн бүлэг”-ийн бусад улсуудаас хүн амын өсөлтөөр өндөр байгаа нь шинжээчдийн анхаарлыг татжээ. Саяхан нийтэд танилцуулсан нэгэн судалгаагаар Канадын 50-иас доош насны насанд хүрсэн хүн амын тавны нэг нь цар тахлын улмаас урьдчилан төлөвлөж байснаасаа цөөн хүүхэдтэй болсон, эсвэл хүүхэдтэй болох хугацаагаа хойшлуулсныг тогтоожээ.
Канадад цар тахлаас ч өмнө, 2015 оноос хойш төрөлтийн түвшин буурсаар 2020 онд нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо 2-оос бага байгаа нь урьд нь бүртгэгдэж байгаагүй хамгийн бага үзүүлэлт болжээ.