ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нар утсаар цаг гаруй ярилцжээ. Яриа тэнцвэртэй, ажил хэрэгч боллоо гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков өчигдөр мэдээлжээ. “Энэ удаагийн яриа хэлэлцээ ОХУ Украин руу гарцаагүй халдана гэх Америкийн албаныхны урьд өмнө байгаагүй хийрхлийн уур амьсгалд болсон" гэж тэрбээр нэмж хэлжээ.
Америкчууд нөхцөл байдлыг зохиомлоор хурцатгаж, "Халдлага болох өдрийг хүртэл товлож" байгаагийн зэрэгцээ холбоотнуудтайгаа хамт "Украины цэргийн хүчийг хөөрөгдөж байна" гэж Ушаков онцлон тэмдэглэжээ.
Харин цагаан ордон мэдээлэхдээ, “Бямба гарагийн орой АНУ-ын ерөнхийлөгч ОХУ-ын удирдагчтай нэг цаг орчим утсаар ярихдаа ОХУ Украин руу халдсан тохиолдолд АНУ холбоотон, түншүүдийнхээ хамтаар шийдвэртэй хариу арга хэмжээ авна гэдгийг мэдэгдлээ” гэсэн байна. АНУ дипломат харилцаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байгаа мөн "Бусад хувилбаруудад ч бэлэн байгааг Байден ерөнхийлөгч Путинд тодорхой хэлсэн” гэж мэдээлэлд онцолжээ.
АНУ-ын эрх баригчдын зүгээс ОХУ-ын зэвсэгт хүчнийг Бээжингийн олимп дуусахаас өмнө Украин руу халдан довтолно гэж таамаглаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан өөрийн улсын дипломат албаны ажилтнуудыг Украинаас татан аваад байгаа бөгөөд энгийн иргэдээ Украиныг ойрын хугацаанд орхин явахыг уриалаад байна.