Канад улсын Гадаад хэргийн сайд Мелани Жоли Орос-Украины хилийн байдал хурцадсантай холбогдуулан тус улсын элчин сайдын яамыг Киевээс Львов хот руу түр хугацаагаар нүүлгэн шилжүүлэх болсныг мэдэгджээ. “Аюулгүй байдалтай холбоотой нөхцөл байдал улам дордсоор байгааг харгалзан бид үйл ажиллагаагаа Львов дахь түр оффис руу шилжүүлж, Киевт суугаа элчин сайдын яамны үйл ажиллагааг түр хугацаагаар зогсооно” гэж тэрбээр твиттер хуудсаараа дамжуулан өчигдөр мэдэгдсэн байна.
Тус улсаас гадна, Австрали улс мөн элчин сайдын яамаа Львов хот руу түр нүүлгэн шилжүүлж байгаагаа мэдэгджээ. Тус улсын гадаад хэргийн яамнаас мөн иргэддээ Украиныг нэн даруй орхихыг зөвлөсөн байна.
Сүүлийн өдрүүдэд олон улс орон АНУ болон тус улсын холбоотнууд “Орос улс Украины нутаг дэвсгэр лүү цэргийн хүчээр халдахаар бэлтгэж байна” хэмээн мэдэгдэж байгаатай холбоотойгоор Украин дахь дипломат төлөөлөгчдөө цөөлөх шийдвэр гаргасан байна. ОХУ Украинтай залгаа хил орчимд цэргийн хүчээ зузаатгаж байна гэж Вашингтон болон түүний холбоотнууд 2021 оны намраас хойш мэдэгдэж байгаа юм.
Харин ОХУ хөрш улс руугаа довтлох боломжийг үгүйсгэсэн. Үүний зэрэгцээ ОХУ-ын гадаад хэргийн яамнаас өнгөрсөн ням гарагт гаргасан мэдэгдэлд, "Украин дахь гадаад төлөөлөгчийн газруудын зарим ажилтныг оновчтой болгох" тухай мэдэгдсэн ч элчин сайдын яам болон консулын газрууд үндсэн чиг үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ гэдгийг баталжээ.
Тэгвэл ОХУ Бээжингийн олимп өндөрлөхөөс өмнө Украин руу довтолж магадгүй гэж АНУ-ын ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан баасан гарагт мэдэгдсэн байна.
Түүнчлэн “Politico” сонины эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Европын холбоо болон НАТО-гийн түншүүдтэйгээ цахим уулзалт хийх үеэрээ Америкийн тагнуулын албаны мэдээллээс эш татан, ОХУ Украины эсрэг цэргийн ажиллагаагаа хоёрдугаар сарын 16-нд эхлүүлнэ гэж мэдэгджээ.