АНУ-ын Техас мужийн шүүхээс “Мета” компанийг хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэсэн байна. “Мета” буюу бидний хэлж заншиснаар “Facebook” компани нь тус мужийн олон сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг царай таних технологи ашиглан хууль бусаар цуглуулж байсан гэж буруутгагдаж байгаа юм.
Шүүхийн нэхэмжлэлд дурдсанаар, “Мета” компани нь хүмүүсийг олон нийтийн цахим сүлжээндээ зураг болон бичлэгээ нийтэлсний дараа “Tag” буюу нэрийг нь дурдах үйлчилгээ санал болгож хэрэглэгчдийн нүүр царайны мэдээллийг цуглуулсан гэжээ. Өмнө нь Иллинойс мужийн шүүхээс мөн ижил төрлийн зарга үүсгэж “Мета” компани 650 сая ам.долларын торгууль төлсөн байдаг. Уг үйл явдлаас хэдэн сарын дараа буюу 2021 оны арван нэгдүгээр сард энэ функцээ идэвхгүй болгоно, мөн нийт 600 сая хэрэглэгчийн мэдээллийг бүгдийг нь устгана гэдгээ зарлаж байсан юм. Харин тус компанийн зүгээс Техас мужийн шүүхээс гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж мэдэгдээд байгаа юм байна. Тэгвэл “Мета” био метрийн тухай хуулийг зөрчсөн нь батлагдвал 1-10 тэрбум ам.долларыг Техас муж улсын хуулийн дагуу төлөх юм байна.