Алга болоод хоёр жил болсон бяцхан охин өвөөгийнхөө байшингийн модон шатны доороос эсэн мэнд олджээ. Өдгөө зургаан настай Пэйсли Шултис 2019 онд АНУ-ын Нью-Йорк хотын захад орших нэгэн тосгоноос сураггүй алга болсон гэж цагдаагийн газарт бүртгэгдсэн байна.
Пейсли охиныг алга болохоос өмнө түүний төрсөн эгч болон тус улсын төрийн үйлчилгээний байгууллага асран хамгаалж байжээ. Харамсалтай нь 2019 онд охиныг асран хамгаалах эрхээ хасуулсан эцэг, эх болох Кимберли Купер, Кирк Шултис нар хулгайлсан байх магадлалтай талаар Нью-Йорк хотын цагдаа нар мэдээлж байжээ. Гэвч охиныг хулгайлсан гэх хангалттай нотлох баримт олдохгүй байсаар 2 жилийн хугацаа өнгөрсөн байна.
Мөн өмнө нь цагдаагийн албан хаагчид хэд хэдэн удаа охиныг хайж, асран хамгаалах эрхээ хасуулсан эцэг эхийнх нь болон өвөөгийнх нь гэрт ирж нэгжлэг хийж байсан. Харин нэгжлэгийн явцад эцэг эх нь өвөөгийнх нь гэрийн нэг өрөөг Пейсли охинд зориулан тохижуулсан байсныг мөрдөгчид хараад охины байгаа үгүйг лавлаж асуухад үгүйсгэсэн байна. Охины эцэг эх болон өвөө нь алга болсон охиныг хэзээ нэг өдөр эргээд гэртээ ирнэ гэж итгээд тус өрөөг тохижуулсан гэж тухайн үед цагдаад мэдүүлэг өгдөг байжээ.
Цагдаа нар бүтэн хоёр жилийн турш тус байшинг нэгжсэн ч юу ч олж чадаагүйг нэгжлэг хийх зөвшөөрлөөс болсон гэж үзжээ. Учир нь нэгжлэг хийх зөвшөөрөл зөвхөн том өрөө, унтлагын өрөө болон гал тогооны өрөөнүүдэд гэсэн прокурорын заалттай байсан учраас үүд, хонгилын өрөө зэргийг шалгаж чаддаггүй байсан юм байна.
Охиныг олсны дараа эцэг, эхээс нь цагдаагийн хэлтэст мэдүүлэг авахад "Хоёр жилийн турш хонгилын өрөөнд нууж, цагдаа ирэх болгонд шатны доод талын тусгай хэсэгт нуудаг байсан" гэжээ. Охины эцэг, эх хэд хэдэн гэмт хэрэгт холбогдож, шоронд удаа дараа сууснаар Пэйслиг асран хамгаалах эрхээ алдсан байна.