НАТО-гийн эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг өнгөрсөн ням гарагт Мюнхений аюулгүй байдлын бага хурлын дараа хийсэн мэдэгдэлдээ “НАТО-ийн эвсэл Зүүн Европ руу тэлэхгүй байх талаар ОХУ-д өгсөн амлалтаа зөрчөөгүй” хэмээн мэдэгдсэн байна. 1991 онд АНУ тэргүүтэй Баруун Европын улс орнуудын удирдагчид хуучнаар ЗХУ-ын эрх баригчдад “Умард Атлантын эвсэл зүүн тийш тэлэхээс татгалзана” хэмээн амлалт өгч байсан талаарх албан бичгээс германы “Der Spiegel” агентлагийн сэтгүүлч эш татан түүнээс асуусанд Йенс Столтенберг ийнхүү хариулсан байна.
Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн оны сүүлийн хэвлэлийн хурал дээрээ Украины хямралд АНУ болон НАТО тэргүүтэй барууны эвслийг буруутгасан бөгөөд амлалтаа зөрчиж, шударга бус тоглож байна гэж шүүмжлээд байсан юм.
Тэрбээр “Тэд 1990 онд НАТО ОХУ руу нэг ч алхам урагшлахгүй гэж хэлсэн. Гэтэл тэд өнөөдөр биднийг увайгүйгээр хуурч, Польш, Румын зэргээр НАТО ОХУ-ын хилийн ойролцоо улам хүчээ бэхжүүлсээр байгааг хурцаар шүүмжлээд байгаа юм.
Тэгвэл НАТО-гийн эвслийн тэргүүн ОХУ-ын ерөнхийлөгчийн хийж байгаа мэдэгдлүүдийн эсрэг байр суурьтай байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Мөн АНУ болон ОХУ-ын төрийн тэргүүн нарын энэ сард зохион байгуулагдах уулзалтаас хамаарч Украинтай холбоотой асуудалд цэг тавих эсэх нь шийдэгдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.