“Долоогийн бүлэг”-ийн гадаад хэргийн сайд нар ням гарагт Мюнхений аюулгүй байдлын бага хурлын хүрээнд Украины асуудлаар яаралтай уулзалт хийжээ. Уг уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд, “Украины эсрэг чиглэсэн аливаа цэргийн түрэмгийлэл нь Орос улсын эдийн засагт санхүү, эдийн засгийн өргөн хүрээг хамарсан хориг арга хэмжээ зэрэг ноцтой үр дагавар авчирч, урьд хожид үзэгдээгүй зардал учруулна” гэдгийг анхааруулсан байна.
Мөн ОХУ цэргийн хүчээ Украины эргэн тойронд зузаатгаж байгааг Европ тивд хүйтэн дайнаас хойш цэрэг байршуулсан хамгийн том ажиллагаа хэмээн тодорхойлоод, энэ нь дэлхийн аюулгүй байдал, олон улсын дэг журамд сорилт болж байна гэв. Түүнчлэн “Долоогийн бүлэг”-т ОХУ Украины бүсээс цэргүүдээ татаж буйг нотлох баримт нотолгоо байхгүй тул эхний ээлжид ийм алхмыг авч хэрэгжүүлэхийг тус улсад уриалжээ.
Хамтарсан мэдэгдэлд ОХУ-д дипломат арга замыг сонгож, хурцадмал байдлыг намжаахыг уриалсан байна. Германы гадаад хэргийн сайд Анналена Бербок бямба гарагийн уулзалтыг даргалан явуулсныхаа дараа хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэл хийхдээ, хурцадмал байдлыг намжааж, дипломат арга замаар шийдэлд хүрэх “Долоогийн бүлэг”-ийн уриалгыг хүлээн авахыг ОХУ-д мөн уриалжээ.