Өчигдөр буюу даваа гарагийн орой болж өнгөрсөн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны дараа Украинаас салан тусгаарласан Донбассын хоёр мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тогтоолд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурлаа гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Ийнхүү Украины зүүн хэсэгт одоогоор зөвхөн ОХУ-ын хүлээн зөвшөөрсөн Бүгд Найрамдах Донецк ард улс болон Бүгд Найрамдах Луганск Ард улс бий боллоо.
Эдгээр мужууд 2014 онд Украинд гарсан Майданы хувьсгалын дараа Киевийн засаг захиргаанаас гарч байгаагаа зарлаад байсан юм. Гэвч өнөөдрийг хүртэл дэлхийн ямар ч улс хүлээн зөвшөөрөөгүй байсан юм.
Харин даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин төв телевизээр ард иргэддээ хандаж хэлсэн үгэндээ “Олон жилийн өмнө тусгаар тогтнолоо зарласан эдгээр улсуудыг олон улсад хүлээн зөвшөөрөх шийдвэрийг одоо гаргах цаг нь болсон гэж би үзэж байна” хэмээн мэдэгджээ. Тэрбээр уг шийдвэрээ 2014 оны Минскийн гал зогсоох гэрээ хэрэгжээгүйн үр дүн гэж тайлбарласан байна.
Кремлийн албаны эх сурвалжийн мэдээлснээр Владимир Путин мэдэгдэл хийхээсээ өмнө Донбассын мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх гэж байгаагаа Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы Канцлер Олаф Шольц нарт урьдчилж мэдэгдсэн гэнэ.
Путиний мэдэгдлийн дараа цагаан ордны хэвлэлийн албанаас хариу мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд дурдсанаар “ОХУ-ын зүгээс ийм шийдвэр гаргахыг урьдчилан таамаглаж байсан учраас үүний эсрэг авах хариу арга хэмжээний төлөвлөгөө бэлэн байгаа. Ерөнхийлөгч Жо Байден удахгүй тусгаар тогтнолоо ОХУ-аар хүлээн зөвшөөрүүлсэн эдгээр газар нутагт АНУ-ын хөрөнгө оруулалт, худалдаа, санхүүгийн үйл ажиллагааг хориглох захирамж гаргах болно” гэжээ. Энэ талаар цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Саки өнөөдөр мэдэгдсэн байна.