Германы засгийн газрын энэхүү мэдэгдлийн дараа ОХУ-ын ерөнхийлөгч асан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев твиттер хуудаснаа Европын улсуудыг сүрдүүлсэн утга агуулгатай мэдэгдэл хийсэн байна. Одоогоор Европын хөрөнгийн биржүүд дэх байгалийн хийн үнэ 1000 шоо метр нь 700 еврод хүрээд байгаа юм байна.
“Умард урсгал 2 хийн хоолойд зөвшөөрөл олгох үйл явцыг зогсоож байгаа гэдгээ Германы канцлер Олаф Шольц мэдэгдлээ. Энэ бол таатай мэдээ. Удахгүй 1000 шоо метр байгалийн хий тутамд 2,000 евро төлж эхлэх шинэ ертөнцөд Европын иргэд тавтай морил” хэмээн тэрбээр өөрийн твиттер хуудаснаа бичсэн байна. ОХУ-аас Европын зах зээлд байгалийн хий нийлүүлэх “Умардын урсгал 2” төсөл маргаан дагуулсаар байгааг төслийг гүйцэтгэгч Орос Германы компаниуд мэдэгдлээ. Уг төслийн бүтээн байгуулалт өнгөрсөн оны 9-р сард дууссан бөгөөд Германы засгийн газрын зөвшөөрөл олгох үйл явц өчигдрийг хүртэл үргэлжилж байсан юм. Хийн хоолойг ашиглалтад оруулахыг АНУ-ын эрх баригчид болон Украин улс идэвхтэй эсэргүүцэж байсан. Одоогоор ОХУ байгалийн хийгээ Украины нутаг дэвсгэрээр дамжуулж, Европын зах зээлд нийлүүлдэг. Хэрвээ шинэ хоолойгоор хий дамжуулж эхэлбэл Украинд төлдөг транзит төлбөр багасаж, Европ тив эрчим хүчний хувьд ОХУ-аас бүрэн хамааралтай болно гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Герман улсын хувьд “Умардын урсгал 2” хийн хоолойд зөвшөөрөл олгох асуудалд нэлээд болгоомжтой хандаж байсан бол өчигдөр уг төслийг зогсоож байгаагаа мэдэгдсэн байна. Германы засгийн газрын энэ шийдвэрийг АНУ-ын эрх баригчид талархан хүлээж авчээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Саки өнөөдөр мэдэгдэлдээ “Өнгөрсөн шөнө бид Германы засгийн газартай нягт зөвлөлдсөн ба гаргасан шийдвэрийг нь талархан хүлээж авч байна. Өнөөдөр бид өөрийн зүгээс авах арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэж онцолжээ.