Украины зүүн хэсэгт орших хоёр мужийн тусгаар тогтнолыг Москвагийн эрх баригчид хүлээн зөвшөөрч, цэргээ оруулсантай холбоотойгоор АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээгээ зарлаж эхэллээ. Хамгийн эхэнд Герман улсын засгийн газар Орос-Герман руу Балтийн тэнгисээр дайруулан татсан “Умардын-урсгал 2” байгалийн хий дамжуулах хоолойн төслийг зогсоож байгаагаа өчигдөр зарласан байна.
“Умардын урсгал 2” нэртэй уг төсөл ашиглалтад орвол ОХУ-аас Европын зах зээлд нийлүүлдэг байгалийн хийн хэмжээ хоёр дахин өсөх байсан юм. Дараа нь АНУ, Европын холбоо, Их Британи, Япон улсууд ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээгээ зарласан байна. АНУ-ын засаг захиргаа Оросын хоёр томоохон банк болох Внеш Экономбанк, Промсвязбанк-ны бүх сүлжээг тасалж, ОХУ-ын засгийн газрыг Америк, Европын зах зээл дээр хөрөнгө босгох, өрийн бичиг арилжих зэрэг санхүүгийн ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож байгааг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден зарласан байна. Мөн удахгүй Путиний ойрын хүрээллийн хүмүүс, тэдгээрийн гэр бүлийнхнийг хар жагсаалтад оруулахаар төлөвлөж байгаагаа Жо Байден мэдэгджээ.
Мөн өчигдөр Европын холбооны гадаад хэргийн сайд нар Парис хотод уулзаж, ОХУ-ын эсрэг авах багц арга хэмжээгээ тохиролцжээ. Үүнд Оросын 27 байгууллагыг эдийн засгийн хоригт оруулж, Оросын парламентын доод танхим буюу Думын бүх гишүүдийг хар жагсаалтад оруулахаар болсон байна. Өчигдөр Их Британийн засгийн газар мөн ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээгээ танилцуулсан байна. Үүнд Оросын Россия, Ис Банк, Генбанк, Промсвязбанк, Хар Тэнгисийн Банк гэсэн таван банкны эсрэг эдийн засгийн хориг зарлаж, Путиний ойрын хүрээлэлд багтдаг Геннадий Тимченко, Борис Ротенберг, Игорь Ротенберг гэсэн гурван олигархыг хар жагсаалтдаа оруулжээ.
“Эдгээр хүмүүсийн Их Британи дахь бүх хөрөнгийг битүүмжилж, манай улсад ирэхийг нь хориглож, манай иргэд байгууллагуудыг тэдэнтэй ямар нэг хэлбэрээр хамтарч ажиллахыг нь хориглож байна” гэж Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон парламентад үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
Түүнчлэн Япон улсын засгийн газар ОХУ-ын эсрэг авах холбоотнуудынхаа хориг арга хэмжээнд нэгдэхэд бэлэн байгаагаа мягмар гарагт илэрхийлсэн байна.